Ж.Пунцагийн хүүхдүүд “Буурь нуур”-т хийлдэг завьтай төөрч, хилчдийг түргэн авахуулж байжээ

Ж.Пунцагийн хүүхдүүд “Буурь нуур”-т хийлдэг завьтай төөрч, хилчдийг түргэн авахуулж байжээ

Энэ оны долдугаар сард Дорнод аймгийн “Буйр нуур”-т хийлдэг завь тавин тоглож байсан гурван хүүхэд хүчтэй салхи болон давлагаанд цохиулж тус нуурын гүнд төөрсөн байдаг. Иймд хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид яаралтай эрлийн ажиллагааг эхлүүлж хэрэг гарснаас даруй хоёр цагийн дараа хүүхдүүдийг эсэн мэнд олж, аварсан юм.

Тэгвэл эдгээр гурван хүүхдийн хоёр нь сүүлийн үед шүүмжлэлд өртөөд буй УБТЗ ХНН-ийн албаны дарга Ж.Пунцагийн хүүхдүүд байжээ.

Тэрээр талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Долдугаар сарын 11-ний өдөр гэр бүл, ах дүүгийн хамт Буйр нуурт амрахаар очсон. Үдээс хойш салхи арай тогтуун болохоор нь хүүхдүүдээ тоглуулахаар завийг нь хийлээд аврах хантаазыг нь хийлэх хооронд 8-14 насны гурван хүү маань завиа нуурт тавьчихсан. Хантаазаа хийлж байх хооронд нэг мэдэхэд л бидний хүрч очих боломжгүй хэсэг рүү тэд хөвөөд явчихсан. Гэр бүлийнхэн хүүхдүүд арай холдчихлоо гэж сандралдаж эхлэхэд би нуур руу яаран орж ус хоолой тултал явсан ч барьж чадаагүй.

Гэнэт хүчтэй сэрүүн салхи гарч хүүхдүүд завьтайгаа маш хурдан цаашаа явчихсан. Энэ бүхэн маш богино хугацаанд болж өнгөрсөн.

Ингээд хилчдээс тусламж хүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авч хоёр хөлөг гаргаж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа эхлүүлэх үед хүүхдүүд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон байсан. Эрэн хайх ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилсэн. Маш шуурхай олж өгсөн. Хүүхдүүд нийт дөрвөн цаг усны мандал дээр байсан. Хил хамгаалах байгууллага, хилчид техник хэрэгслээ бэхжүүлээгүй, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй бол хүүхдүүд минь амь нас өндөр эрсдэлд тулгарчихсан байсан” гэж ярилцлага өгч байжээ. 

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж мэдэгдсний хариуд Ж.Пунцаг “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэсэн нь түүнийг олон нийтийн сүлжээнд танхайрлаа хэмээн иргэд шүүмжилж байгаа юм.