Своп хэлцлийн Монголын өрийг тэглэж өгөөч гэж Хятадын талаас ГУЙВ

Своп хэлцлийн Монголын өрийг тэглэж өгөөч гэж Хятадын талаас ГУЙВ

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өчигдөр (2020.11.26) болов.

Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан,

Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

 Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм.

Тэрбээр "Коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын нийт өрийг тэглэхийг дэмжих тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байна" гэсэн юм. 

Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь тодорхой хариулт хэлээгүй бөгөөд "Цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх" саналтай байна гэсэн юм. 

Уг албаны уулзалтад манай талаас тавьсан энэхүү саналыг шүүмжлэх хүмүүс бишгүй байна. Тодруулбал, өр тавьдаг, тавьсан хойноо "Тэглээд өгөөч" гэж гуйдгаа болих хэрэгтэй гэж шүүмжилж байгаа юм. 

Мөн Хятадын своп хэлцлийн өр, зээлийг хэрхэн, яаж ашигласнаа ард түмэнд тайлбарлах ёстой. Ард түмний нэр барьж зээл тавьсан бол түүний зарцуулалтыг бид мэдэх эрхтэй гэж буй. Хэрвээ дарга нар үр ашиггүй зарцуулсан бол хариуцлага ярих ёстой гэж хэлэх албаныхан ч байна.