Оксфорд вакцинаа дахин судлахаа мэдэгдэж, ОХУ бүх нийтийн вакцинжуулалтаа удахгүй эхлүүлнэ гэж зарлав

Оксфорд вакцинаа дахин судлахаа мэдэгдэж, ОХУ бүх нийтийн вакцинжуулалтаа удахгүй эхлүүлнэ гэж зарлав

БНХАУ-д   "коронавирусээр үүсгэгддэг халдвар тархлаа" хэмээн ДЭМБ-аас албан ёсоор зарласнаас хойш бараг нэг жилийн нүүрийг бид үзэх гэж байна. Энэ хугацаанд коронавирус дэлхийн 218 оронд тархаж, улс орнууд вакцины эрэлд гарч, бас бие биетэйгээ өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар амжилттай туршигдаж, тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн мэдэгдэж буй 5 вакцин гараад байна. Тодруулбал,

  • Америкийн эмийн үйлдвэрлэгч “Pfizer” ба Германы “BioNTech” компаниудын хамтран гаргаж буй вакцин/ 94,5 хувийн эерэг үр дүн гарсан/
  • АНУ-ын биотехнологийн Moderna компанийн вакцин /90 хувийн үр дүнтэй/
  • Англи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн вакцин/тунгаас хамаарч 62-90 хувийн үр дүнтэй/
  • ОХУ-ын “Спутник V” вакцин /90 хувийн үр дүнг/
  • БНХАУ-ын “Sinopharm” компанийн вакцин

-ТУН УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ ХЭМЭЭЖ БАЙСАН Ч III ШАТНЫ ТУРШИЛТЫН ҮР ДҮНГ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ-

Эдгээрээс хамгийн хямд Англи Шведийн хамтарсан эмийн компани болох “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин коронавирусийн эсрэг маш сайн нөлөө үзүүлж буйг хэдхэн хоногийн өмнө зарласан ч Оксфордын хувьцаа унажээ. Учир нь вакциныг бүтээгчид үр дүнгийн талаар мэдээлэхдээ 62-90 хувь байгааг хэлсэн. Гэсэн ч энэ нь эрдэмтдийн эргэлзээг хамгийн ихээр төрүүлээд байна.

“AstraZeneca” судалгаанд орж буй хүмүүстээ вакцины 1-р тарилгыг санамсаргүйгээр тунгийнхаа хагасыг тарьсан, үүнээс нэг сарын дараа 2-р вакцинжуулалтын тунг бүтэн тунгаар хийсэн гэж тайлагнасан юм. Гэвч төлөвлөсөн ёсоор вакцины 1-р тарилтыг бүтэн тунгаар тарих ёстой байсан аж. Үүнээс гадна хоёр өөр тооны бүлэгт тарьсан байгаа юм. Тодруулбал, нэг бүлэгт 2741 оролцогч эхлээд вакцины хагас тунг, сарын дараа бүтэн тунг хийлгэсэн. Энэ бүлэг нь Ковид-19-ээс 90 хувь хамгаалагдсан байв.

Харин хоёр дахь бүлэгт 8895 оролцогч бүтэн тунгаар, сарын дараа дахин нэг бүтэн тунгаар хэрэглэсэн байна. Гэвч энэ бүлэг нь вирусээс 62 хувь хамгаалагдсан байв.

Иймээс эрдэмтэд яагаад хоёр өөр тунгаар хэрэглэснийг мөн нэг бүлгийн хэмжээ нөгөөгөөсөө яагаад хамаагүй бага байгааг тайлбарлахыг хүссэн байна. АНУ-ын Хүнс, эмийн удирдлага /FDA/ тухайн вакцинаас доод тал нь 50 хувийн үр дүнгийн босгыг шаардаг. Үүнтэй холбогдуулж АстраЗенека"-ийн дэд ерөнхийлөгч Менелас Пангалос "Туршилтын явцад алдаа гарах нь ямар ч хамаагүй. Өгөгдөл тодорхой байх эсэхээс үл хамааран манай вакцин үр дүнгийн босгыг давсан” гэж мэдэгдэж байсан ч хувьцаа унасантай холбоотойгоор тэрээр гуравдугаар шатны судалгаа хийх хэрэгтэй болсноо зарлалаа.

-ОХУ БҮХ НИЙТИЙН ВАКЦИНЖУУЛАЛТАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ ХЭМЭЭН АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ-

Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин коронавирусийн эсрэг анхны вакцинаа гарган авлаа хэмээн дэлхий даяар зарласан билээ. Гэсэн ч эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт нь дуусаагүй байхад зарласан түүнчлэн вакцинаа “Спутник V” нэрлэж асуудлыг улс төржүүлж байна хэмээн эрдэмтэн, судлаачид нэлээдгүй шүүмжилсэн юм. Вакциныг бүтээж буй эрдэмтэд коронавирусийн эсрэг 91,4 хувийн үр дүнтэй байгааг зарласан. Тодруулбал  “Спутник V” вакцины эхний тун хийлгэснээс 28 хоногийн дараа, хоёр дахь тун хийснээс 7 хоногийн дараа авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд вакцин халдвараас урьдчилан сэргийлэхэд 91.4 хувийн үр дүнтэй үйлчилж байсан аж.

Гэхдээ энэ нь 18794 оролцогчоос авсан авсан завсрын дүн шинжилгээ бөгөөд цаашид 40 мянган хүнд  вакциныг туршсаны дараа дахин дүгнэлт хийх юм. 

Вакцин хийлгэсний дараа тухайн хүнд толгой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэг ажиглагдсан боловч, энэ нь удаан хугацааных биш аж. Вакцины хамгийн том давуу тал бол хямд үнээс гадна энгийн эмнэлгийн зориулалтын хөргөгчид хадгалж болно гэдгээрээ онцлог. Гэвч хэдхэн хоногийн өмнө Кремлиэс Ерөнхийлөгчөө сүүлчийн үр дүн нь тодорхой болоогүй вакцин хийлгэхгүй хэмээн мэдэгдсэн нь ОХУ-ын иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж орхисон гэж хэлж болно.

Гэсэн ч тус улсын Засгийн газраас ирэх оны нэгээс хоёрдугаар сард багтааж улс даяар иргэдийг вакцинжуулна хэмээн мэдэгдлээ. Үнэндээ энэ талаар сүүлийн хоёр сарын хугацаанд янз бүрийн түвшний хүмүүс вакцины талаар мэдэгдэл хийсээр байсан ч өнөөг хүртэл тодорхой тов гараагүй байсан юм. Харин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашко бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 1-2-р сард багтааж эхлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Гэхдээ юун түрүүнд эрсдэлт бүлэгт ажиллаж буй бүлэг хүмүүсээс эхлэх аж.

Эх сурвалж: Science, Риа Новости, Financialtimes




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө