КОВИД-19 халдвар анх Уханьд дэгдэхээсээ өмнө өөр тивд үүсгэгдсэн гэж БНХАУ мэдээлжээ

КОВИД-19 халдвар анх Уханьд дэгдэхээсээ өмнө өөр тивд үүсгэгдсэн гэж БНХАУ мэдээлжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын эх үүсвэрийн талаарх мөрдөн байцаалтын ажил эхэлснийг зарласантай зэрэгцэн олон улсын эрдэмдтийн зүгээс янз бүрийн судалгаа, таамаглал дэвшүүж эхэлжээ.

Аравдугаар сарын 30-нд анхны уулзалтаа хийсэн ДЭМБ-ын баг БНХАУ болон АНУ-тай хамтран ажилладаг олон улсын 10 шилдэг мэргэжилтнийг цуглуулан дээрх хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Гэхдээ тэд вирус анх үүссэн газрыг олж хайн хэн нэгнийг буруутган яллах нь чухал биш харин анх хаанаас хэрхэн үүсгэгдэж, хүний биед яаж нэвтэрсэн, цаашид юуг анхаарах нь чухал болохыг олж тогтоон халдварт өвчин дахин гарахаас сэргийлэх нь гол асуудал гэдгийг цохон тэмдэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп уг вирусыг анх үүсгэсэн хэмээн БНХАУ-ыг удаа дараа буруутгаж байсан бол Хятадын эрх баригчид хариуд нь “АНУ-ын арми анх манай улсад авчирсан” гэсэн үзэл санааг дэвшүүлж байсан юм.

-ӨНГӨРСӨН ОНЫ ЕСДҮГЭЭР САРД ИТАЛИД ХИЙСЭН ХОРТ ХАВДРЫН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ЦУСНЫ ДЭЭЖНЭЭС КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ БИЕТ ИЛЭРСНИЙГ ТОГТООЖЭЭ-

Хари “Ковид-19”-ийг үүсгэсэн вирус болох “Sars-CoV-2”-ийн гарал үүслийг хайж буй бусад эрдэм шинжилгээний багууд өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээнд үндэслэн олон санал таамгийг дэвшүүлжээ. Тухайлбал, Профессор Габриэлла Соззи Итали дахь судлаачдын багийг удирдаж ажиллах үедээ тус улсад хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан цусны дээжээс Sars-CoV-2-ийн эсрэг биет илэрснийг нотолж, арваннэгдүгээр сард үр дүнгийн талаархи тойм эмхэтгэл хэвлүүлжээ. Тэрхүү коронавирусийн эсрэг биет нь анх Уханьд өвчний дэгдэлт гарахаас гурван сарын өмнө буюу 2019 оны 9-р сард хийсэн дээжнээс илэрч байсан гэжээ. Энэ үеэр хурлын танхимд ширүүн маргаан үүсэж, БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ажилтан байсан хүн Италид судалгаа хийж, Ухань вирусын эх үүсвэр биш болохыг нотлох гэж оролдох нь буруу гэж үзэцгээжээ.

-БНХАУ-ЫН СУДЛААЧДЫН БАГ АНХ УХАНЬД ДЭГДЭХЭЭС ӨМНӨ ДӨРВӨН ТИВИЙН НАЙМАН ОРОНД ХАЛДВАРТ ӨВЧИН АЛЬ ХЭДИЙН ГАРСАН БАЙСАН ГЭВ-

Харин БНХАУ дахь судлаачдын баг мөн ижил асуудлыг судалж үзээд коронавирус нь Уханьд дэгдэхээс өмнө хэд хэдэн тивд байсан гэсэн үндэслэл дэвшүүлжээ. Тэдний судалснаар уг вирус нь анх Энэтхэгийн хойгт хүний биед дамжсан байх магадлалтай гэж үзсэн байна. Энэхүү судалгааныхаа нэг хэсгийг Шанхай хотын Биологийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн доктор Шэн Либингээр ахлуулсан баг “Молекуляр Филогенетик ба Эволюци” сэтгүүлд нийтлүүлжээ. Мөн арваннэгдүгээр сарын 17-нд анагаах ухааны сэтгүүл “The Lancet”-ийн ssrn.com гэх сайтад нийтэлсэн бөгөөд 17 улс, бүс нутгаас гаргасан вирусын омгийг судлаж үзээд хамгийн анхны халдварын тархалт нь Энэтхэг эсвэл Бангладешт болсон гэж бичсэн байна. Ингэхдээ тэд вирусын омог тус бүрийн мутацийн тоог тоолох шинэ аргыг ашигласан бөгөөд цөөн мутацитай хүмүүс “Sars-CoV-2”-ийн анхны өвөг дээдэстэй ойрхон байх өндөр магадлалтай. Улмаар "Ухань нь хүнээс хүнд Sars-CoV-2 дамжуулалт болсон анхны газар байж чадахгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Цаашилбал, хамгийн бага мутацид орсон омог нь Австрали, Бангладеш, Грек, АНУ, ОХУ, Итали, Энэтхэг, Чех гэсэн дөрвөн тивийн найман орноос олдсон гэж тэмдэглэжээ. Үүнээс үзвэл эдгээр улсууд нь халдвар хамгийн их тархсан улс орнуудын тоонд багтаж буй нь анхаарал татаж байгаа юм.

-КОВИД-19 ХАЛДВАР НЬ ХАМГИЙН АНХ ЭНЭТХЭГИЙН ХОЙГТ АМЬТНААС ХҮНД ДАМЖСАН ГЭДГИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ-

Мөн БНХАУ-ын эрдэмтэн Шэн "Хамгийн бага мутацтай омгийн газарзүйн мэдээлэл, олон янз байдал хоёулаа анх Энэтхэгийн тивд Sars-CoV-2 хүнээс хүнд халдварласан газар байж болохыг харуулж байна. Цаг агаарын эрс тэс байдал нь цар тахлыг өдөөсөн байж болзошгүй гэж бид үзэж байгаа. Учир нь 2019 оны тавдугаар сард Энэтхэг улсад түүхэн дэх хамгийн урт халуун өдрүүд тохиолдсон. Үүссэн ган гачиг нь амьтан болон хүмүүсийг ундны усны ижил эх үүсвэртэй болгосон. Энэ нь вирусыг хүний бие рүү оруулах магадлалыг маш их нэмэгдүүлсэн байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Харин Энэтхэгийн Амьтны хүрээлэнгийн вирус судлаач Мукеш Такур БНХАУ-ын эрдэмтдийн судалгааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрээр “South China Morning Post” сонины асуултанд имэйлээр хариулахдаа "Үр дүнг буруу тайлбарлаж байгаа юм шиг байна" гэхээс өөр дэлгэрэнгүй тайлбар хэлээгүй байна.  Харин БНХАУ-ын судалгааны багийг удирдсан эрдэмтэн Шен багийнхаа хийсэн судалгаанд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд тэдний хийсэн судалгааг бусад орны эрдэмтэд зүй ёсоор үндэслэлтэй няцаах эсвэл хүлээн зөвшөөрөх боломжтой гэдгийг мэдэгдээд байна.