Хүүхдийн гар индүүгээр түлсэн гэх хэрэгт буруутгагдсан багш Ц торгуулийн ялтай үлджээ

Хүүхдийн гар индүүгээр түлсэн гэх хэрэгт буруутгагдсан багш Ц торгуулийн ялтай үлджээ

Гурван настай хүүхдийг унтсангүй гэж багш нь индүүгээр гарыг нь түлсэн хэрэг 2019 онд гарч байсан билээ. Энэ тухай хохирогч охины эмээ цахим хуудастаа бичихдээ “Миний зээ охин “Глобал Монтессори” цэцэрлэгт явдаг юм. Арван нэгдүгээр сарын 5-ны өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан гарыг нь ийм болтол түлсэн байна. Арай дэндүү юм аа. Гурван настай охинд минь арай хатуу шийтгэл биз дээ. Өндөр төлбөртэй мөртлөө ямар ч хариуцлага энэ байгууллагад алга. Үнэхээр гомдолтой байна” гэсэн юм. 

Харин тухай үед тус цэцэрлэгээс мэдэгдэл гаргаж “Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.

  1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын хоёр аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт хоёр дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.

  2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан доромжилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерын бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно. Бид үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно” гэж байв

Тэгвэл тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ц нь гурван настай охиныг цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулж орхисноос тэрээр халуун индүүнд зүүн гараа түлж хүндэвтэр гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Ингээд тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж туслах багш Ц-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 мянган төгрөгийн торгох ялаар” шийтгэж шийдвэрлэжээ. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө