Австрали улсаас Хятад улсад нийлүүлж буй нүүрсний хэмжээ эрс багасжээ

Австрали улсаас Хятад улсад нийлүүлж буй нүүрсний хэмжээ эрс багасжээ

БНХАУ-Австрали улсын хооронд өрнөж байгаа гадаад бодлого, худалдааны маргаантай асуудлын улмаас Австрали улсаас Хятад улсад нийлүүлж буй нүүрсний хэмжээ өнгөрсөн 10-р сард 1.53 сая тонн болж буурчээ. Энэ нь өмнөх 9-р сарын импортоос 38 хувиар, өнгөрсөн гурван сарын импортоос 78 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Өнөөгийн байдлаар Хятадын далайн боомтуудад 750.0 сая ам.долларын үнэ бүхий нүүрс ачсан усан онгоцнууд ачаагаа буулгах боломжгүй олон хоногоор хүлээж байна.

Хятад улсын зүгээс Австрали улсын талаас Хятад улсын хүний эрхийн асуудал, Хонконгийн асуудлаар хэт шүүмжлэлтэй хандаж байгаад дургүйцэн, худалдааны хориг арга хэмжээ авсан. Энэ асуудлыг Хятадын талтай хэлэлцэн шийдвэрлэхээр Австралийн тал хичээж байгаа бөгөөд Австралийн Ерөнхий сайд Моррисо “Бид маш ээдрээтэй, төвөгтэй асуудлын талаар ярилцаж байна. Гэхдээ асуудлыг Австрали улсын ашиг сонирхол, хоёр улсын харилцаанд эерэг үр нөлөөтэй байдлаар шийдвэрлэхийг хичээж байна” гэж мэдэгджээ. 

Мөн өнөөдөр гэхэд Хятад улсын худалдааны яам Австралийн дарсны импортын татварыг түр хугацаанд 107.1-212.1 хувиар өсгөх болсноо зарласан юм. 

Арваннэгдүгээр сарын 28-наас мөрдөгдөж эхлэх уг арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой гэнэ.Австралийн дарсны салбар нь 2.9 тэрбум австрали долларын хэмжээтэй бөгөөд экспортынх нь 37 хувийг Хятад улс эзэлдэг байна.

Эх сурвалж: Reuters