Төмөр зам баригдаж хэдэн жилдээ Далай лам Монголд ирсэнгүй

Төмөр зам баригдаж хэдэн жилдээ Далай лам Монголд ирсэнгүй

Манай иргэдийн ихэнх нь буддын шашинтай гэж хэлж болно. Харин Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй" гэж заасан. Энэ утгаараа шашин шүтэх, эс шүтэх нь Монгол улсын иргэн хүний сонголтын л асуудал.

-ДАЛАЙ ЛАМ СҮҮЛИЙН 4 ЖИЛ МОНГОЛД ИРСЭНГҮЙ. ЦААШДАА Ч ИРЭХГҮЙ ЮУ .., -

Тэгвэл буддын шашны тэргүүн Далай лам сүүлд 2016 оны арван нэгдүгээр сард манай улсад айлчилж, хоёр хоног саатсанаасаа хойш, өнөөдрийг хүртэл, сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол Улсад огт ирсэнгүй. Манай улс Үндсэн хуулиндаа “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан ч Далай лам манай улсад ирэх үеэр төрийн өндөрлөгүүд хэн байв, БНХАУ-тай ямар яриа хэлэлцээр, худалдаа хийж байгаа зэрэгтэй холбон үздэг гэж болно. 

Учир нь БНХАУ-ын зүгээс Далай ламын очсон улс, орон бүрд шахалт үзүүлж, ямар нэг хориг тавьдаг, Тухайлбал, 2016 онд түүнийг манай улсад хоёр хоног саатах үеэр БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэж, удаа дараа  манай Засгийн газар, ГХЯ-нд албан бичиг хүргүүлж, Шадар сайдын айлчлалыг ч цуцалсан байдаг. Улмаар Монгол Улс цаашид Далай ламыг эх орондоо “төрийн урилгаар хэзээ ч урихгүй” гэж БНХАУ-ын “Синьхуа” зэрэг агентлагууд мэдээлж байв. 

-БНХАУ-Д БОРЛУУЛЖ БУЙ НҮҮРСНИЙ ОРЛОГООР ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ БАЙНА-

Мөн Далай ламын манай улсад айлчлал хийгээгүй 4 жилийг Гашуунсухайт-Тавантолгой, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай холбон үзэж болох юм. Учир нь эдгээр төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн ихэнхийг нь Тавантолгойгоос БНХАУ руу экспортод гаргаж байгаа нүүрсний орлогоос бүрдүүлж байгаа юм. 

Тодруулбал,  Тавантолгой –Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг Эрдэнэс тавантолгой ХК нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км төмөр замын санхүүжилтийг мөн л Тавантолгойгоос олборлож, БНХАУ руу экспортолж байгаа нүүрсний орлогоос санхүүжүүлж байгаа юм. Иймдээ ч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр Ерөнхийлөгч Х.Баттулга шагнасан гэж болно.

Товчхондоо эдгээр төмөр замын бүтээн байгуулалтуудыг “өргөн цариг”-аар Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлан бариулж буй.  

Нөгөөтэй Далай ламыг Монголд урих нь “тусгаар улс” гэдгээ Дэлхий нийтэд зарлаж буй нэг том үйлдэл болдог гэж болно. Харин өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтаас болж түүнийг "шашны урилга"-аар эх орондоо урьж чадахгүй сууна уу гэж хардаж болохоор байна.