Гэрээс нь 600 сая төгрөг алдагдаж, АТГ-т шалгуулж байсан Н.Хүрэлбаатар УОК-ын эрдэмтдийн зөвлөлийг ахалж байна

Гэрээс нь 600 сая төгрөг алдагдаж, АТГ-т шалгуулж байсан Н.Хүрэлбаатар УОК-ын эрдэмтдийн зөвлөлийг ахалж байна

Улсын онцгой комисс /УОК/-оос шийдвэр гаргахдаа эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэдэг хэмээн Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдэгдэж, олны амыг таглах болсон. Тэгвэл тус эрдэмтдийн зөвлөлд дараах хүмүүс багтсан байна.

-УОК-ЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛД ХЭН, ХЭН БАГТДАГ ВЭ-

Тус зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар нар ажиллаж байгаа ажээ.  

Гишүүдийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтжээ. 

-АТГ-Д ШАЛГУУЛЖ, ХЭРЭГ НЬ НАМ ЖИМ БОЛСОН ХҮН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙГ АХЛАХ НЬ ЁС ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ-

Тэгвэл УОК-ын эрдэмтэдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатарын хувьд сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдад горилж, намынхаа байраар хэдэнтээ эргэлдэж албан тушаалтнуудтай уулзаж байсан гэх ч  төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн нэгэн. 

Учир нь Эрүүл мэндийн сайдаас эхлээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан тэрбээр авлига, хээл хахуулийн хэргээр АТГ-д шалгагдаж байсан удаатай.

Тодруулбал, Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан. Тухайн үед Х.Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан гэдэг. 

Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утасны эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. 

Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань /Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг/ болон 6000 ам.доллар гарч байсан байдаг. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлажээ. Иймд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас 2012 оны хавраас эхлэн УМБГ-т дахин шалгаж эхэлсэн байдаг. Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарсан бөгөөд “Мөрдөн байцаалтаас оргосон” гэж бичиж байв. Гэвч тэрбээр 2012 оны зургадугаар сарын 7-нд эх орондоо очно хэмээн шавь нараараа дамжуулан мэдэгдэж, тухайн өдрийнхөө 22.10 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буумагц нь цагдаагийнхан баривчилж байв. Ингээд тус хэрэг нам жим болсон. 

Тэгвэл МАН-аас хоосон үлддэггүй тэрбээр энэ оны наймдугаар сард АШУИС-ийн захирлаар томилогдсон юм. 

Сонирхуулахад, УОК-ийн эрдэмтдийн зөвлөлд багтсан МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулууны хувьд улс орны эдийн засгийн асуудлаар МАН-ын захиалгаар дуугардаг нэгэн гэх шүүмжлэл байдаг. Харин Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэнг маш сайн кандидат гэж хамт ажилладаг хүмүүс нь үнэлдэг. Тэрбээр 2016 оноос буюу У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхаас эхлэн Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Энэ мэт эрдэмтдээс бүрдсэн зөвлөлийн зөвлөмж, саналаар Улсын онцгой комисс бүхий л шийдвэрээ гаргаж буй гэдэг. Гэтэл эдгээр шийдвэрүүд нь хөрсөнд төдийлөн буухгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.