Австрали улс БНХАУ-ыг “аймшигт хуурамч зураг” нийтэлснийхээ төлөө уучлалт гуйхыг шаардлаа

Австрали улс БНХАУ-ыг “аймшигт хуурамч зураг” нийтэлснийхээ төлөө уучлалт гуйхыг шаардлаа

Өнөөдөр БНХАУ-ын Засгийн газрын ажилтан тветтер хуудаснаа “Афган хүүхдийг хөнөөсөн австралийн цэрэг”-ийн зургийг нийтэлсэн юм. Харин Австралийн Засгийн газраас уг зургийг эрс үгүйсгэж, БНХАУ-ын Засгийн газрыг хуурамч зураг нийтэлснийхээ төлөө уучлалт гуйхыг шаарджээ.

Хэргийг тодруулбал, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лижиан Жао нас барсан хүүхдийг тэвэрсэн байдлыг дүрсэлсэн Австралийн цэргийн зургийг нийтэлсэн байна. Ингэхдээ "Афганистаны иргэд болон хоригдлуудыг Австралийн цэргүүд хөнөөсөнд их цочирдсон. Бид ийм үйлдлийг эрс буруушааж, хариуцлага хүлээлгэхийг уриалж байна" гэж бичжээ.

Харин Австралийн Засгийн газраас үүнд маш их уурлаж буйгаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “Бээжин ийм аймшигтай зүйл нийтэлснийхээ төлөө ичих ёстой. Энэ үйлдэл дэлхий дахинд тэдний нэр хүндийг унагаах үйлдэл боллоо” гэжээ. Мөн тветтерээс энэхүү постыг "худал мэдээлэл" хэмээн тодорхойлж, устгахыг хүссэн байна.

Эх сурвалж: BBC