Б.Ганбат: Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж байна

Б.Ганбат: Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж байна

Өнөөдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид тус эмнэлгийн даргаар томилогдсон З.Балдандугарыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. З.Балдандугар нь наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-нд Ө.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж түүний оронд нь томилогдсон хүн юм.

Эмнэлгийн ажилчдын зүгээр тус томилгоог хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэр бүхий хоёр хүн ирж иргэдийн амралт зугаалгыг тааруулан наадмын өмнө халаа сэлгээ хийсэн хэмээн үзэж байгаа аж.

Шинээр томилогдоод байгаа З.Балдандугар нь хувийн хэвшилд буюу “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бол Ө.Батжаргал нь тус төвдөө арга зүйчээс эхлэн 20 гаруй жилийн хугацаанд дарга хүртлээ дэвшин ажилласан аж.

Энэ талаар, Баянгол дүүргийн ЭМТ-ийн дүрс оношлогооны эмч Б.Ганбат хэлэхдээ, “Тодорхой үндэслэл шалтгаангүйгээр баяр наадмын үеэтэй давхцуулан хүний ажлын байрыг хууль бусаар авсан үйлдэл нь улс төрийн зорилготой шийдвэр гэж бид хардаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатарын гаргасан энэхүү шийдвэрийг эрс буруушааж байна. Иймд Ө.Батжаргал даргыг албан тушаалд нь эгүүлэн томилохыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн 460 гаруй эмч, ажилчид шаардаж байна. Тус шаардлагаа холбогдох байгуулллагуудад хүргүүлж байгаа. Эрүүл мэндийн салбар улс төрийн тоглоом биш” гэлээ.

Б.Оюунбаяр:  “20 жил үр бүтээлтэй ажиллаж ирснийг түүний хийсэн бүтээсэн, томоохон бүтээн байгуулалтууд бүрдүүлсэн баг хамт олон дүүргийн олон мянган иргэд нотолж байгаа. Баянгол дүүрэг ЭМ-ийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн дүүрэг болж чадсан.  2013-2019 оны хооронд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 14 эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 22 тасгийг шинээр зохион байгуулж ажиллаж байна. Хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60-аар нэмэгдүүлсэн. Иймээс ЭМ-ийн салбар улс төрчдийн тоглоом биш гэдгийг сануулан уг хэвлэлийн хурлыг хийж байна” гэв.

С.Амарсайхан: "Улсын наадмын эхний өдөр томилгоог явуулж, байгууллагын даргыг сольсонд манай хамт олон улс төрийн үйл ажиллагаатай холбоотой, улс төрийн шинж чанартай гэж үзэж байгаа юм. Ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн талаар мэдээлэл байхгүй" гэлээ.

Түүнчлэн цаашид эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд удирдлагын томилгоогоо эмч, ажилтнууд дотроосоо сонгодог байх нь зүйтэй хэмээн тэд уриалсан юм.