ТОДРУУЛГА: “Аман хуур” хотхоныг бүрэн тусгаарлаж жижүүр, харуул ч гэртээ харилгүй хорионд байна

ТОДРУУЛГА: “Аман хуур” хотхоныг бүрэн тусгаарлаж жижүүр, харуул ч гэртээ харилгүй хорионд байна

Манай улс коронавирусийн халдварыг дотоодоо алдаад нийтдээ 20 хоногийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин өнгөрүүлж байна. УОК-оос арваннэгдүгээр сарын 13-наас өнөөдрийг хүртэл хөл хорио тогтоогоод байсан ч  ДЭМБ болон манай улсын мэргэжилтнүүдийн зөвлөсөнөөр бүх нийтийн байдлын хугацааг халдвар ихээр тархсан аймгуудад дахин 10 хоног сунгах шийдвэр гаргасан билээ.

Одоогийн байдлаар манай улсад нийт дотоодын 346 халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгуудад халдвар нэмэгдсээр л байна. Энэхүү хөл хорионы өдрүүдэд иргэн бүр гэртээ байж, зайлшгүй шаардлагатай бол гэрт ойр хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлж байгаа бол “Аман хуур” хотхоны бүх оршин суугчид дэлгүүр, эмийн сан зэрэг хэрэгцээт газар луугаа ч явах боломжгүй болоод таван хоногийг өнгөрүүлж байна.

Учир нь арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тус хотхоны нэгэн оршин суугчаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хотхоны бүх оршин суугчдаас шинжилгээ авч дуустал гэрээс гарах боломжгүйг сануулсан байна. Бид тус хотхоны нэгэн оршин суугчтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

-ИРГЭД ХҮНСЭЭ ТАГТНААСАА УЯА УНЖУУЛЖ АВАХ, БАЙРНЫ ГАДАА ОРХИОД ЯВАХ ГЭХ МЭТ ТОХИОЛДЛУУД Ч ГАРЧ БАЙНА-

-Сайн байна уу. Аман хуур хотхоны нэг оршин суугчаас халдвар илэрсэн учраас бүх оршин суугчид гэрээсээ гарах боломжгүй хөл хорионд байгаа гэж сонслоо?

-Тийм ээ, хэд хоногийн өмнө манай хотхоны 33Г байрнаас халдвар илэрсэн. Түүнээс хойш бүх хүн л гэрээсээ гаралгүй таг гэртээ сууцгааж байна даа.

-Тус байрнаас илэрсэн гэдгийг яаж мэдсэн юм бэ. Анх та бүхэнд хэрхэн яаж мэдэгдсэн бэ?

-Анх яг тэр байрыг битүүмжлээд, хамгаалалтын хувцастай олон хүн ирчихсэн харагдсан л даа. Удалгүй Эрүүл мэндийн яамнаас ч энэ талаар мэдэгдсэн. Тэгээд манай нөхөр дэлгүүр орох гээд гарах гэтэл үүдэн дээр цагдаа нар ирчихсэн “буцаад ороорой, хотхоноос халдвар илэрсэн учир энэ хотхоны оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамрагдтал хэнийг ч оруулж, гаргахгүй байх шийдвэр гарсан” гэж хэлсэн гэсэн. Тэгээд л түүнээс хойш огт гэрээсээ гараагүй.

-Нийт хэдэн хоног тусгаарлагдана гэж хэлсэн бэ?

-Цагдаа нар бол яг нарийн хоног хугацаа зааж хэлээгүй, түрхэн хугацаандаа л орж гарах боломжгүй гэж хэлсэн байсан. Харин СӨХ-ийн дарга мэдэгдэхдээ “бүх иргэдийг шинжилгээнд хамрагдаж дуустал хэнийг ч гаргахгүй. Ерөнхийдөө 14 хоногийн дотор гурван шинжилгээ авах ёстой” гэсэн мэдээлэл өгсөн.

-ХОТХОНЫ БҮХ ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ ДУУСТАЛ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНА. ОРОН НУТГААС ИРЭЭД ЭНД БАЙРЛАЖ БАЙСАН ИРГЭД Ч БУЦАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ БАЙНА-

-Цагдаа нар ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

-Байр болгоны гадаа машинтай цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг хүмүүс ирчихсэн манаж харагдсан.

-Та бүхний хувьд гаднаас хүнс, хэрэгцээтэй зүйлсээ хэрхэн яаж авч байна?

-Гаднаас хүмүүсээр л гуйж авчруулж байгаа. Эхний өдрүүдэд гараас гарт дамжуулахгүй гээд авчирсан зүйлсээ байрны үүдэнд тавиад нөгөө хүнээ явахаар гарч авдаг байсан. Мөн зарим хүмүүс тагтнаасаа уяа унжуулаад татаж авч байгаа тохиолдол ч гарсан. Харин өчигдрөөс гайгүй, ганц хоёр иргэдийг цагдаа нар оруулж байх шиг байна лээ.

-Тэгэхээр зарим эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд яана гэсэн үг вэ, цаанаас энэ талаар мэдээлэл өгсөн үү?

-Огт өгөөгүй ээ. Хэнийг ч оруулж, гаргахгүй байх л ёстой юм гэсэн. Манайх ч гайгүй байна. Гэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай олон иргэд бий шүү дээ. Гэтэл ингээд л 14 хоног таг суулгаж байна даа. Зарим иргэд арай ч 14 хонохгүй байх. Удахгүй гаргаж эхлэх байх гэж ярилцаад л байна лээ. Гэхдээ энэ байдлаараа мөдгүй л юм шиг байна.

-Оршин  суугчдаас шинжилгээ авч эхэлсэн юм уу?

-Эхэлсэн, заримых нь эхнээсээ сөрөг гарцгаасан. Харин зарим нь 119.mn сайтаас регистэрийн дугаараа хийгээд хайхаар гарч ирэхгүй байна гээд их асуудал болоод байсан оршин суугчдын групп дээр.

-Хотхоны ойр хавиар хүмүүс явуулж байгаа юу, дэлгүүрүүд ажиллаж байгаа юу?

-Ойр хавийн дэлгүүрүүд бүгд хаалттай байна гэсэн. Халдвар илэрсэн хүн “Баянцээл” гэх дэлгүүрээр үйлчлүүлсэн гээд ер нь ойр хавийн дэлгүүрүүд хаагдсан байх. Хүмүүс ч ер нь бага явж байгаа.

-Тус хотхонд байгаа орон нутгийн иргэд хэрхэх талаар шийдвэр гарсан уу?

-Гараагүй ээ, тэр үнэхээр том асуудал болж байна. Орон нутгаас ирсэн иргэд заасан хугацаанд шинжилгээгээ өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ хотхоноос гарч болдоггүй. Нялх хүүхэдтэй, хөгшин настай, ар гэр лүүгээ санаа зовсон иргэд их байна даа. Хэзээ энэ хорионоос гарч, хэзээ шинжилгээгээ өгч, хэзээ харих юм байгаам бүү мэд дээ. Энд анх халдвар гарсан 33Г байранд одоог хүртэл харуул, жижүүрүүд хөл хорионд орчихсон байгаа гэсэн.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө