БАЙР СУУРЬ: Үндсэн хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй

БАЙР СУУРЬ: Үндсэн хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй

Үндсэн Хуулийн Нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ энэ оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлээд буй. Харин ҮХНӨ ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуулиар дахин нэр дэвших боломжгүй гэх маргаан хуульчдын дунд өрнөсөөр байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэжээ. 

Энэхүү заалтыг 2025 оноос хэрэгжүүлнэ гэж байсан ч, ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж, энэ он /2020.05.25/-оос хэрэгжиж эхэлсэн юм. Мөн Ерөнхийлөгчийг нэг удаа улираан сонгож болно гэсэн заалт ч эдгээрийг дагаад хүчингүй болсон юм. Тэгвэл энэ асуудалд хуульчид, УИХ-ын гишүүн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна. 

Э.Бат-Үүл: З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХУЛХИТСАН БОЛОЛТОЙ

Тэрээр, “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхитсан бололтой” нийтлэлдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа ЕТГ-ын дарга  З.Энхболд “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй.  Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга яах бол.  Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна.  Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно” хэмээжээ.

Хуульч Б.Гүнбилэг: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА

 Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. 

Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална. Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэхийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. 

Хуульч Б.Энхбаяр: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2021 ОНД УЛИРАН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр энэ тухай 2019 оны долдугаар сард манай сайтад өгсөн ярилцлагадаа “…Монгол улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Нэг удаа улируулж болно гэсэн заалт одоогийн Үндсэн хуульд бий. Үүнийг Үндсэн хуулийн өнөөдрийн өөрчлөлтөөр нэг удаа зургаан жилээр сонгодог болгохоор өөрчилж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг 2020 оноос хүчингүй болгох дагаж мөрдөх журмын төсөл орж ирсэн. Үүнд хэдэн асуулт гарч ирж байна. Тухайлбал, нэг удаа улирч болно гэдэг заалтыг 2020 оноос хүчингүй болгочихлоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй болчихож байна уу. Учир нь, "улирч болно" гэдэг заалт Үндсэн хуулийнхаа заалтаас 2021 онд нэгэнт байхгүй болчихсон байх юм.

Хуульч Б.Мэргэн: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАХИН СОНГОГДОХ БОЛОМЖГҮЙ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байсан. Үүнтэй барьцана гэх ч боломжгүй. Яагаад гэвэл П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болох үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар бүх зүйл шинэчлэгдэж өмнө нь хэн байсан, хэдэн удаа сонгогдсон, ямар ажил хийж байсан зэрэг энэ бүхэн огт хамаарахгүйгээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж П.Очирбат гуай 1993 онд дахин сонгогдож байсан.

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд  шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөж журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.

Хуульч Ү.Амарбаяр: ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖОО МЭДЭЭЖ ХУУЛЬ ЗҮЙН ТАЛААС НЬ ТООЦСОН Л БАЙЖ ТААРНА

Энэ заалт анх төсөл хэлбэрээр явж байхад 60 насанд хүрсэн байх шаардлага тавьж байсан. Харин одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуулиар тус заалтыг биелүүлэх боломжгүй байсан учир 60 насны босго нь 50 болоод буурсан. Одоогийн Ерөнхийлөгч нэг удаа дөрвөн жилээр сонгогдчихсон байгаа. Илүү хууль зүйн үндэслэлтэй, дэлхийн бусад орнуудад Үндсэн хуульд нь нэмэлт, өөрчлөлт ороход хэрэглэдэг аргачлал бий. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч нь нэмэлт, өөрчлөлт ороогүй Үндсэн хуулийн дагуу сонгогдсон. Тэгэхээр 2020 оны нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх үед энэ хүн тэр нэмэлт өөрчлөлтийн дагуу нэг удаа зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээлттэй хэвээр байна. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад нэлээд үүрэгтэй оролцсон. Тэгэхээр дахиж нэр дэвших боломжоо мэдээж хууль зүйн талаас нь тооцсон л байгаа байх. Өөрийнхөө улс төрийн замналтай холбоотой заалтыг анхаарч оролцож байсан байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ. ӨМНӨ НЬ ИЙМ ЯВДАЛ ГАРЧ БАЙСАН

Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр зохицуулахаар байсан. Хэлэлцүүлгийн явцад заавал ингэх шаардлагагүй, энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн 2021 онд дахин нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байлаа. Мөн 1997 онд дахин нэр дэвшсэн. Тиймээс 2021 онд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж харж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 10 жилээр нэмж 55 болгох санал анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байсан юм. Гэвч хэлэлцүүлгийн явцад 50 болгон бууруулсан.