Хөвсгөл нуураас 300 км-ын зайд орших ОХУ-ын бүс нутагт химийн хорт бодис алдагдаж, онц байдал зарлаад байна

Хөвсгөл нуураас 300 км-ын зайд орших ОХУ-ын бүс нутагт химийн хорт бодис алдагдаж, онц байдал зарлаад байна

ОХУ-ын Эрхүү хотоос 70 км зайд орших Усолья-Сибирск хотод үйл ажиллагаа явуулдаг байсан хаягдсан химийн үйлдвэрийн хортой бодис алдагдаж, Ангар мөрөнд оржээ. Өнгөрсөн зургадугаар сарын 10-15-ны орчимд ОХУ-ын Онцгой байдлын албаны мэргэжлийн хүмүүсийн хийсэн хэмжилтээр бохирдсон гол, мөрний усанд фосфат байвал зохих түвшнээсээ 500 дахин, азотын нэгдэл 360 дахин, фенолын нэгдэл 30 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлтийг хэлж байв. Тиймээс Эрхүү мужийн зүгээс тус хот суурингийн бүсэд Онцгой нөхцөл байдлыг зарласан байна.

Тус мужийн захиргаанаас өнгөрсөн хавраас өнөөг хүртэл химийн бодис алдагдсан явдлын хор уршгийг арилгах, дээрх дампуурч хаагдсан химийн үйлдвэрийн 20 гаруй барилга, объектод хадгалагдаж буй мөнгөн ус, натри зэрэг олон төрлийн химийн хортой бодисын үлдэгдэл, хаягдлыг саармагжуулж, устгах, химийн үйлдвэрийн барилгыг нураах, үйлдвэрлэлийн талбайн хөрсний бохирдолыг саармагжуулах зэрэг чиглэлээр ажиллаж байгаа юм. 

"хаягдсан" үйлвэр

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн сарын 26-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч  мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдаж, чиг үүрэг өгчээ. Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа боловч мэргэжилтнүүд 610 гаруй гектар талбайг эзэлж буй үйлдвэрлэлийн 220 гаруй объектийг нураах, цэвэрлэх, хөрс орчны химийн бохирдолтыг саармагжуулахад маш их хэмжээний хөрөнгө бас цаг хугацаа шаардагдана гэж хэлж байна. 

Усолья-Сибирск хот нь Ангар мөрний эрэг дээр байрладаг бөгөөд Байгаль нуураас 150 гаруй км-ын, Хөвсгөл далайгаас 300 гаруй км-ын зайд оршдог билээ.

Хаягдсан үйлдвэр нь олон арван жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд трихлорэтилен, эпихлоргидрин, металлын натри, кальцийн гипохлорит, кальцийн карбид, устөрөгчийн хэт исэл болон бусад олон төрлийн химийн бодис үйлдвэрлэдэг байсан аж. 

Эх сурвалж: Риа Новости