ААН-үүдэд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцно

ААН-үүдэд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцно

Нийслэлийн мэргэжлийн хянанлтын газраас 18 чиглэлийн аж ахуйн нэгж,компанийн үйл ажиллагааг нээх шийдвэрийн дагуу мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өглөө. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, Улаанбаатарт нийтдээ 18 чиглэлээр 13,000 ААН-ийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 1-нээс нээгдэж байгаа.

Тиймээс ААН-үүдийн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх бэлтгэл, эхэлсний дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллыг хэрхэн хэрэгжүүлэх мэдээлэл өгөх гэж байна. Эдгээр зөвлөмжийн хяналтыг цахимаар тавина. Иргэдийн гомдлыг цахимаар хүлээн авч, шуурхайг баг газар дээр нь очиж шалгалт хийнэ.

Өнөөдрийн байдлаар 18 чиглэлийн 13,000 ААН-д нийт 31 байцаагч цахимаар мэдэгдлээ хүргэж байна. Мөн байгууллагын фэйсбүүк хуудаст зөвлөмжөө оруулсан.

Ажил эхлэхийн өмнө ААН-үүдэд ажлын байранд их цэвэрлэгээ хийх, ажилчдаа шинжилгээнд хамруулах, гэрийн тусгаарлалтад байгаа ажилчдад чөлөө олгох, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайд байршуулах, шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагчийг зайлшгүй байлгах шаардлагыг тавьж байгаа.

ААН-үүд өдөр тутмын үйл ажиллагаандаа ДЭМБ, ЭМЯ, УОК, НОК-оос өгсөн шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллана. Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдье.

Улаанбаатар хотын хүнсний дэлгүүр болон гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр хяналт, шалгалтыг хийж байна. Үүнээс гадна эмийн үйлдвэрүүд, эмийн санд шалгалт, хөдөө орон нутгийн иргэд буцаж байгаа учир товчоодод хяналт тавьж байна. Тусгаарлах байруудыг маргаашаас эхлэн шалгах гэж байна. Мөн 1,300 эмийн сан, арилжааны 12 банк, санхүүгийн зохицуулах хороо болон сав баглаа боодлын 15 үйлдвэрт мөн мэдэгдлээ хүргүүлээд байна" гэв.