Т.Батцогт: Хотын дарга нар машиныхаа зардалд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн мөртлөө багш, эмч нараас мөнгийг танасан

Т.Батцогт: Хотын дарга нар машиныхаа зардалд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн мөртлөө багш, эмч нараас мөнгийг танасан

Ирэх 2021 оны Улаанбаатар хотын төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар /НИТХ/ хэлэлцэж эхлээд байна. Уг төсвийн төслийг харвал татвар төлөгчдийн мөнгөнд хэт үрэлгэн, сэтгэлгүй хандсан цаашлаад Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж тойргоо усалсан, судалгаа, бодит үндэслэлгүйгээр дүүргүүдэд харилцан адилгүй төсөв хуваарилсан гээд шүүмжлэх асуудал их байна.

Хамгийн ноцтой нь нийслэлийн иргэдийн аргыг барж, уурыг ууршуулж дуусгасан хотын түгжрэлийг бууруулах, агаар орчны бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд менежментийн ажил төлөвлөөгүй мөртлөө шаардлагагүй буюу гудамж, талбай, хайс хашаа, соёлын төв барихад их мөнгө тавьсан нь асуудал дагуулахаар байна.

Буруу ажлыг шүүмжлэх нь зүй. Энэ дагуу бүхэл, бүтэн нийслэлийн төсөв шаардлагатай газартаа, хүндээ хүрэхгүй бол ил ярьж, олон нийтэд тэр дундаа нийслэлчүүдэд мэдэгдэх ёстой. Учир нь бидний татварын мөнгийг нийслэлийн удирдлагууд хэрхэн, яаж зарцуулах гэж буйг мэдэх ёстой билээ. Ингээд 2021 оны нийслэлийн төсвийн талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

СОНСОХ:

-2021 ОНД ИРГЭДИЙГ ТОРГОЖ 40 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО ТӨСӨВЛӨСӨН-

-2021 оны Нийслэлийн төсвийг та бүхэн хэлэлцэж эхлээд байна. Ер нь ямаршуухан төсөл хэлэлцээд байна вэ. Нийслэлийн төсвийг нийслэлчүүдэд зарцуулж чадах нь уу?

-Улаанбаатар хотын бүтэн нэг жилийн төсөв шүү дээ. Нэг айл, өрхтэй зүйрлэж хэлбэл 2021 онд хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ, хэдийг нь байр дулаандаа, өөрсдийгөө хөгжүүлэхэд хэдийг нь зарцуулж, хашаа, байшингаа засахад хэдийг нь хадгалах юм бэ гэдэг асуудал л юм. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн ая, тухтай амьдрахын тулд татвар төлдөг. Иргэд, аж ахуй нэгжээс бүрддэг энэхүү татварыг бүхэлд нь нэг төсөв гэж нэрлэдэг. Үүнийг захиран зарцуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа нэг их наяд орчим төгрөгөөр баталсан ч  700 орчим тэрбум төгрөг л цугласан. Харин 2021 оны төсвийг 819 тэрбум төгрөгөөр төсөвлөж байна. Энэ, тэндээс орлогоо бүрдүүлэхэд 819 тэрбум төгрөг бүрдэнэ гэж төсөөлж байна гэсэн үг. Өнгөрсөн жилийнхээс 200 тэрбум төгрөгөөр бага төсөвлөжээ. Үүнийг нь хараад ковидын нөхцөл байдлаа харгалзаж үзэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл төвлөрч буй мөнгийг захиран зарцуулахдаа ковидыг нэг ч тооцоогүй. Мөн дээрх 800 гаруй сая төгрөгийг хаанаас, яаж бүрдүүлэх юм бол гээд хартал анхаарал татах асуудал их байна.

-Энэ 800 гаруй тэрбум төгрөгийг хаанаас, яаж бүрдүүлэх юм?

-Тухайлбал, хүү, торгуулийн орлогоос 40.8 тэрбум төгрөгийг бүрдүүлнэ гэсэн. Үүнийг задлаад харвал ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газар 20.3 тэрбум төгрөгийг бүрдүүлэх үүргийг энэ төсвийн төслөөр хүлээчхэж байна. Манай замын цагдаа нар жилийн хугацаанд 20 тэрбум төгрөгийг бүрдүүлэх нь байна шүү дээ. Ингэж болохгүй. Замын цагдаад өдрийн норм тавих нь байна шүү дээ.

Цагдаа бол замын хөдөлгөөн зохицуулагч болохоос татварын байцаагч  биш.  Мөн замын хөдөлгөөний удирдлагын төв 7.4 тэрбум, хэв журам сахиулдаг цагдаа нар 5.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж төсөвт тусгасан.

Энэ бол алдаа. Учир нь энэ төрлийн торгуулиас хэдэн төгрөг орж ирэхийг тооцоолох аргагүй. Иргэд бага зөрчил гаргаж, энэ мөнгө төвлөрөхгүй бол яах уу. Энэ бол болзошгүй татварын орлого. Гэтэл норм тавиад өгчихлөөр цагдаа нар маань зам дээр гараад ширүүснэ биз дээ. Үүнээс үүдэлтэйгээр асар их хохиролтой асуудал бий болж мэднэ. Иргэдийг 40 тэрбум төгрөгөөр торгох гээд төсөвлөсөн байна.

-СХД-Т 16 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН ХИРНЭЭ 20 МЯНГАН ХҮНЭЭР ИЛҮҮ ХҮН АМТАЙ БЗД-Т 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН-

-Орлогын хувьд ийм алдаа дутагдлууд байгаа юм байна. Тэгвэл зарлагын хувьд дээрх 800 гаруй тэрбум төгрөгөө хэр зөв хуваарилж хийж чадсан бэ?

-Орлого төвлөрүүлдэг дүүргүүд бий. Тухайлбал, татвараараа цалин мөнгө, хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлаа хариуцахын зэрэгцээ нийслэлд мөнгө өгдөг дүүргүүд бий. Тухайлбал, Баянгол дүүрэг 2021 онд 4.7 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх гэж байна. Баянзүрх дүүрэг 6 тэрбум, Сүхбаатар дүүрэг 48 тэрбум, Хан-Уул дүүрэг 34 тэрбум, Чингэлтэй дүүрэг 31 тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Өөрсдийн зардлаасаа гадна шүү дээ. Гэтэл нийслэлд нэг төгрөгийн татвар төлөх нь бүү хэл татаас авдаг дүүргүүд байна. Тухайлбал, Багануур дүүрэг 6.5 тэрбум төгрөг, Багахангай 4.2 тэрбум, Налайх 7.8 тэрбум, Сонгинохайрхан дүүрэг 10 тэрбум төгрөгийг нийслэлийн төвлөрсөн төгрөгөөс авч, татаасаар амьдардаг. Сүхбаатар дүүргийн иргэд Улаанбаатар хотын татварт их хэмжээний мөнгө төвлөрүүлж байна. Гэтэл тэр мөнгө Сүхбаатар дүүргийн иргэнд таатай боломжийг бий болгох ажилд биш эсрэгээрээ Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зарцуулаад байна шүү дээ.

Энэ жилийн хөрөнгө оруулалт нийтдээ 127 орчим тэрбум төгрөг болж байна. Энэ хөрөнгө оруулалтыг ангилаад дүүргүүдэд яаж хуваарилагдсаныг нь харвал сонирхолтой дүр зураг харагдана. Хамгийн эхэнд хүн амынхаа тоог харгалзаж үзэх ёстой. Гэтэл есөн дүүрэгт хуваарилагдах ёстой 127 тэрбум төгрөгөөс 340 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 16.4 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Би Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Манай Баянзүрх Сонгинохайрхан дүүргээс 20 мянган хүнээр илүү хүн амтай. Сонгинохайрхан дүүргийнхтэй харьцуулбал Баянзүрх дүүрэгт 17 орчим тэрбум төгрөг төсөвлөх ёстой байна, тийм үү. Гэтэл тус дүүрэгт 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гурав дахин бага мөнгө хуваарилсан. Ийм ялгаатай төсвийг баталсан.

Налайх дүүргийг жишээ болгон яръя.  УИХ-ын гишүүн, Налайх дүүргээс сонгогдсон С.Амарсайхан өнгөрсөн жилд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байлаа. Тэгээд их мөнгө тавьсан уу гэх хардлага  бий.

Энэ дүүрэг нь 50 мянган хүн амтай. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгтэй харьцуулахад харьцангуй бага. Баянзүрх дүүрэгтэй бүр харьцуулах ч юм биш. Хоёр хорооных нь хүн амыг нийлүүлсэнтэй л ижил хүн амтай гэсэн үг. Гэтэл Налайх дүүрэгт 12 нэр төрлийн ажилд 5.6 тэрбум төгрөгийн төсвийг хуваарилсан байна. Баянзүрхтэй адилхан.

-Сонгинохайрхан дүүрэг яагаад нийслэлд татвар төлдөггүй юм. Нийслэлийн бас нэг том дүүрэг шүү дээ. Мөн Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсөвт хамгийн их мөнгийг төвлөрүүлчихээд хамгийн бага хөрөнгө оруулалтыг авсан учир шалтгаан юу вэ?

-Сонгинохайрхан дүүрэг нь эдийн засгийн хувьд хүнд, өрөвдөлтэй байгаа юм. Гэтэл сүүлийн найман жилийн хугацаанд ажилласан хотын удирдлагууд бүгд л энэ дүүргээс сонгогдсон байна шүү дээ. 2016-2019 онд Ц.Сандуй дарга тус дүүргээс сонгогдон Хотын удирдлагаар ажиллаж байлаа. Хотын одоогийн дарга мөн тус дүүргээс УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдсон. Д.Сумъяабазар даргын нэгдүгээр орлогч нь мөн уг дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Гэтэл энэ нөхдүүд Сонгинохайрхан дүүргийн эдийн засгийн сайжруулах чиглэлд яагаад бодлогын ажил, менежмент хийгээгүй юм. Улсын төсвөөс хулгайлж л ирсэн байна шүү дээ. Гэтэл татаас авдаггүй дүүргүүд таван төрлийн татвар авах ажлаа сайн хийгээд өөрсдийнхөө зардлыг хариуцаад явж болж байна шүү дээ. Энэ тухайн нэгжийн даргын хийх ажил. Тэгэхгүй хариуцлага хүлээхгүй, нийслэлийн төсвөөс хөрөнгө татаад л сууж  байдаг. Тэгэхээр энэ дүүргээс сонгогдсон нөхдүүд эдийн засгийн хувьд сайжруулах, иргэдийн амьдрал ахуйг сайжруулах талаар огт бодохгүй байна. Гэтэл Сүхбаатар дүүрэг 48 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлчхээд эргээд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлүүлсэн байна. Өрөвдөлтэй байгаа биз дээ. Энэ хэр шударга вэ. Намын ялгаа л гаргаж байна гэж хардаж байна.

-Налайх дүүрэгт 5.6 тэрбум төгрөгийн төсөв хуваарилах бодит шаардлага бий юу. Лав 600 гаруй сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барина гэж харагдсан?

-Налайхын тамгын газрын байр, тохижилтын ажил гэх мэт тэвчиж болох зардалд мөнгө тусгасан байна шүү дээ. Тамгын газрын байранд 500 сая төгрөг, цагдаагийн байрны барилгад мөн 500 сая төгрөг төсөвлөсөн байна. Сонгинохайрхан дүүрэгт мөн тамгын газрын шинэ байр барина гэж 700 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Дарга нар тансаг өрөөнд ажиллана гэдгээ болих хэрэгтэй. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт соёлын ордон барина гээд тус бүр 500 сая төгрөг тавьсан.   Энэ гурван дүүрэг эхний ээлжид нийслэлээс татаас авахгүйгээр өөрсдийн зардлаа өөрсдөө шийддэг болчхоод иймэрхүү зүйл нэхэх ёстой. Толгойт хөгжлийн төвийг Сонгинохайрхан дүүрэгт 1.1 тэрбум төгрөгөөр барина гэсэн. Яг ямар зориулалттай байгууллага юм бүү мэд. Налайх дүүрэгт гэхэд л нэг ижил нэртэй хоёр ажилд тэрбум төгрөг төсөвлөсөн.

-ЭМЧ, БАГШ НАРААС МӨНГӨ ХАРАМЛАЧИХААД ЦҮНХ БАРИГЧДЫН ЗАРДЛААС НЭГ Ч ТӨГРӨГ ТАНААГҮЙ-

-Тэвчиж болох зардлууд мэдээж байгаа гэж харсан байх. Тэр ажлуудыг нэрлэвэл?

-Тухайлбал, Ковидын нөхцөл, байдалтай уялдуулаад боловсролын байгууллага буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийн зардлыг 20-30 хувиар танасан байна. Үүнийг ойлгож болно. Гэтэл багш, эмч нарт өгөх мөнгөө таначхаад захиргааны байгууллагууд буюу орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдын цалинг танаагүй. 30 гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бий. Шинээр ч  нэмэгдсэн. Гэтэл эдгээр байгууллагын нэг ч зардлыг танаагүй. Учир нь тус байгууллагад улс төрийн томилгоотой хүмүүс ажилладаг. Энэ намыг ялуулахын тулд сонгуульд нь ажилласан цүнх баригчид юм. Тэр нөхөд уг газарт албан тушаалд томилогддог. Ковидын үед нөхцөл байдал нь хүндэрсэн аж, ахуй нэгжүүд болон өнөө, маргаашаа яах уу гэж буй хүмүүст нэг ч төсөв тавигдаагүй байна. Нөгөө л нэг уламжлалт аргаараа ногоон байгууламж, тохижилт, хашаа, хайс барина гэсэн ажилд л мөнгөө төсөвлөжээ.

Хэл ам болоод буй “Хонхтой цэцэрлэгт” хүрээлэнд л гэхэд 500 сая төгрөг тавьсан. Блю Скайн хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд мөн мөнгө тавьсан байна. Энэ газруудад өчнөөн мөнгө зарлагдаа биз дээ. Барилга байгууламжид их мөнгө төсөвлөсөн байна. Үндсэндээ 2021 оны төсөв ковидын эсрэг авсан биш нөгөө л нэг уламжлалт төсөв болжээ. Дарга нарын тендерийн аргаар мөнгө идэх гэсэн л төсөв. Хотын Засаг даргын нөөц хөрөнгө өнгөрсөн жилүүдэд долоон тэрбум төгрөг байсан. Гэтэл энэ жил 11.3 тэрбум төгрөг болж өсч орж ирсэн. Зөвхөн удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд Засаг дарга захиран зарцуулах эрхтэй мөнгө шүү дээ. Нөхдүүд ковидыг далимдуулаад их хэмжээний мөнгө хусах гэж байна гэж хардаж байна. Мөн шаардлагагүй олон арга хэмжээнд мөнгө төсөвлөсөн байна.

-БИЧИЛ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИНЭ ГЭЖ 5.8 ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН. ГЭХДЭЭ ЭНЭ МӨНГӨ ХЭЗЭЭ Ч ХЭРЭГТЭЙ ХҮНДЭЭ ХҮРЧ БАЙГААГҮЙ-

-Тухайлбал?

-Ковидын үед олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж  болохгүй шүү дээ. Гэтэл “Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх” арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөг, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх”  арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Яг ямар ажил хийх юм бүү мэд. Энэ маш их мөнгө шүү. Байгаль, орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 1.4 тэрбум мөнгө төсөвлөсөн. Хаана, яг ямар газрыг нөхөн сэргээх гээд байна вэ. Өнөөдөр бид иргэд рүү гээ хандсан ажил хийх нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 138.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ мөнгө нийтийн тээвэрт гарч буй нийт зардлын 70 хувь. Нийт зардлын 70 хувийг хот дааж байна гэсэн үг.

Тэгсэн хирнээ иргэдээс 500 төгрөг авдаг. 70 хувь дааж буй бол нэг мөр 20 тэрбум төгрөг нэмээд нийтийн тээврийн зардлыг 100 хувь даачих, боломжтой. Өмчийн ашиглалт удирдлагын газарт 1.7 тэрбум төгрөг хуваарилсан. Энэ байгууллага хэзээ ч мөнгө хэмнэдэггүй эсрэгээрээ нэмэгдүүлдэг. Засгийн газрын тамгын газрын ажилчдын цалинг мөн нэмэгдүүлсэн. Багш, эмч нарын зардлыг танасан мөртлөө өөрсдийн цалинг нэмсэн. Хот байгуулалт, хөгжлийн газарт 2.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хамгийн том бүтэцтэй, хамгийн хүнд сурталтай, өндөр зардалтай газар. Эндээс танаж болох зардал их бий.

-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн юм?

-Бичил зээлийг дэмжих чиглэлд 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнөх жилүүдэд 3 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жил нэмэгдүүлсэн. Гэхдээ тус мөнгө хэзээ ч эзэндээ очиж байгаагүй. Үндэслэл нь журам байхгүй учраас зээл гаргаагүй гэж тайлбарладаг. Журмаа батлаагүй учраас  энэ жил тус мөнгө хүрэх ёстой иргэддээ хүрч чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Тэгээд энэ мөнгийг хэн, яаж  зарцуулах уу?

-Төсөвт тусгагддаг ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг нэг ч хүнд очиж чадалгүй буцааж татагддаг. Энэ жил мөн тус үйл явдал давтагдах вий  гэж айж байна. Төсвийг хэмнэж болох дахин өөр жишээг хэлье. Ижил нэр төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тус бүрт нь мөнгө тусгасан байна. Ерөнхий төлөвлөгөөний газар нь төлөвлөгөөгөө баталж, боловсруулдаг байхад заавал зураг төслийн хүрээлэн гэх байгууллага байх шаардлагагүй. Нэг чиг үүргийн байгууллагыг хоёр, гурав хувааж тэр хэрээр төсвийг хувааж байна. Жишээлбэл, Багахангайн мах боловсруулах үйлдвэрт мөнгө тавьсан. Тэнд мах боловсруулах үйлдвэр байдаг байх нь байна шүү дээ, мэдэхгүй юм. Хэл ам дагуулдаг 2.5 мотортой, шатахуун их зарцуулдаг том жийпүүдэд л гэхэд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнийгээ болиоч ээ. Дарга нарт зориулсан машин, шатуун, жолоочийн цалинд 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нар нийтийн тээврээрээ үйлчлүүл. Өөрсдөө явж үзээгүй учраас нийтийн тээвэр дампуу байгааг мэдэхгүй байна. Салж унах шахсан, утаа тортог нь дийлдэхгүй, муухай үнэртэй, бохир заваан, хүйтэн автобус л явдаг шүү дээ.

Түүнтэйгээ танилцах хэрэгтэй. Багануурын үйлдвэрлэл, технологийн паркт 229 сая төгрөг төсөвлөсөн. Юуны үйлдвэрлэл, технологийн парк юм бүү мэд. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт 341 сая төгрөг, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркт 325 сая төгрөг дахиад Багахангайн үйлдвэрлэл технологийн паркт 179 сая төгрөг төсөвлөсөн байна. Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх чиглэлд олон нэр төрлийн зардлыг гаргана гэсэн. Үүнийг бид задалж харах ёстой. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас хэн, ямар мөнгө хүртдэг вэ гэх мэт. Угтаа бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаараа дамжиж бүхий л халамжууд олгогддог ч нийслэл дээр тусдаа 2.8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Халаалтын зуухны үнийн зөрүү гэж 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хаана, ямар халаалтын зуухнууд байгаа юм, бүү мэд. Дүүжин тээвэр ашиглалтын өмнөх зардал 414 сая төгрөг төсөвлөсөн.

-ДҮҮЖИН ТЭЭВЭР АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАРДАЛД 414 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН. ӨНГӨРСӨН ЖИЛ Ч МӨН МӨНГӨ ТӨСӨВЛӨСӨН-

-Дүүжин тээврээ 2021 оноос ашиглаж эхлэх юм уу?

-Хаана байгаа юм тэр нь. Өнгөрсөн жил энэ ажилд мөн төсөв төсөвлөсөн байсан. Ямар ч үр дүнд хүрээгүйг иргэд гадарлаж байгаа байх . Хэмнэж болох зардлуудыг нэгтгэвэл 186.4 тэрбум төгрөг болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн сонгогдсон Хэнтий аймагтаа 230 тэрбум төгрөгийн төсвийг суулгасан байна. Нийслэлийн жилийн хөрөнгө оруулалтаас өндөр төсвийг аймагтаа суулгаж байна шүү дээ. Нийслэлийн хөрөнгө оруулалт 127 тэрбум төгрөг шүү дээ.

Нийслэлийн иргэдийн төлж бүрдүүлсэн 400 тэрбум төгрөгийн татварыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийд тавиад байна. Угтаа бол хотын авто зам, явган хүний замыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг өргөжүүлэх, гэр хороолол руугаа зам татах, утаа, хөрсний бохирдлыг бууруулахад бид нарын төлсөн татварыг зарцуулах ёстой. Гэтэл улс 420 тэрбум төгрөгийг нийслэлээс татаж аваад Ерөнхий сайдынхаа аймагт хөшөө, дурсгал музей барих ажилд зарцуулаад байна. Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн иргэд аж, ахуй нэгжээс цугларч буй 420 тэрбум төгрөгийн улсад өгч байхын оронд нийслэлдээ зарцуулж илүү үр бүтээлтэй ажилд оруулсан бол хэрэгтэй.

Гэтэл 420 тэрбум төгрөгийг чив, чимээгүй өгч байна. Э.Бат-Үүл дарга Хотыг удирдаж байхдаа 200 тэрбум төгрөгийг улсад өгөх гэж Засгийн газар дээр сайд нартай хэрэлдэхээс эхлээд бөөн юм болдог байлаа. Нийслэлийн иргэдийн төлж буй татварыг буцааж иргэдэд нь зарцуулахын тулд маш их тэмцдэг байсан. Харин манай одоогийн дарга “Май” гээд л өгчихдөг. Тэр мөнгийг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувааж аваад Хэнтий, Увсад өгчихөж байна шүү дээ.

-Би нийслэлийн иргэний хувиас асууж байна. Миний амьдрах хот түгжрэлгүй, амрах ногоон байгууламж олонтой, агаар, орчны бохирдолгүй л байхыг хүсч байна. Яг энэ чиглэлд ямар бодит ажил хийх юм бэ?

-Түгжрэл бууруулах ажилд нэг ч арга хэмжээ төлөвлөөгүй байна лээ. Судалгааны байгууллагуудад л хөрөнгө төсөвлөсөн байсан. Нэх олон л судалгаа хийнэ гэнэ. Судалгаа хийх шаардлага үгүй. Тэгсэн, тэгээгүй түгжирч байгаа нь нүдэн дээр илт байна. Аль уулзварт, хэдэн цагт түгжрэл болдгийг цагдаа нар мэднэ. Нийт хэдэн машин хөдөлгөөнд явдаг нь тодорхой. Гэтэл энэ бүгдийг дахин судална гэнэ. Энэ мэт цаас үйлдвэрлэх, судалгаа хийх ажилд нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Түүнээс бодит, бүтээлч ажил алга. Түгжрэл буурна гэж горьдох хэрэггүй.

-Ярилцсанд баярлалаа.