Архидан согтуурч, байрныхаа харуулыг зодсон этгээд СӨХ-оо нэр төрд халдсан хэмээн цагдаад өгчээ

Архидан согтуурч, байрныхаа харуулыг зодсон этгээд СӨХ-оо нэр төрд халдсан хэмээн цагдаад өгчээ

Энэ сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Тайм Тауэр” /Time Tower/ хотхонд ажил үүргээ гүйцэтгэж явсан харуулыг согтуу этгээд зодож, танхайрсан хэрэг гарсан. Цахим сүлжээнд болсон үйл явдлын талаарх хяналтын камерын бичлэг цацагдсан бөгөөд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд “цагдаагийн албан хаагчийг зодсон байна” гэж тайлбарлаж байсан юм.

Бид энэ талаар хэргийн газар байсан гэрчээс тодруулахад “Цагдаагийн албан хаагч биш. Манай байрны харуул байсан юм. Тухайн айлд хэсэг залуус байсан. Маш их дуу чимээ гаргаж, орилолдон чанга хөгжим тавьж байсан болохоор хөршүүд нь харуулд гомдол мэдүүлсэн юм. Эхний удаа очиход хаалгаа тайлж өгөөгүй харин дуу чимээ намжсан тул буцаад явсан. Гэтэл удалгүй дахиад л айлууд нь гомдол мэдүүлсэн.

Хоёр дахь удаагаа очиж шаардлага тавихад эхэндээ түлхэж, дараа нь цохиж эхэлсэн. Нэлээд согтуу байсан. 20 орчим насны нийт дөрвөн хүн байсан. Манай байрны харуулын Тархи нь хөдөлж, гар нь нэлээд хавдчихсан байсан. Дараа өдөр нь ажилдаа ирж чадаагүй”

хэмээн мэдэгдэж байсан.

Харин хүн зодсон гэх тус залууг З.Батжаргал гэх ба 26 настай ажээ. Хэвлэлд мэдээлснээр, сэжигтэн З.Батжаргал нь улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжсэний дараахнаас буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гэртээ олон хүн цуглуулж, архидан согтуурах зөрчлийг удаа дараа гаргах болсон бөгөөд оршин суугчдын гомдол мэдээллийн дагуу хоёр удаа шаардлага тавьсан харуулыг зэрлэгээр зодож гэмтээсэн байна.

Мөн харуул М-ыг хэрцгийгээр зодсоныхоо дараа “Надад одоо 70 мянган төгрөг л байна. Энийг ав. Тэгээд тохиролцъё” гэж хэлсэн. Түүгээр ч зогсохгүй хүн зодож буй бичлэгийг улс орон даяар цацаж миний нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн СӨХ руугаа дайрч давшлан, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Хохирогч М шүүх шинжилгээний хүрээлэнд очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад байгаа юм байна.