Олон эмэгтэйн амийг хөнөөсөн цуврал аллагын эзэн хэргээ хүлээжээ

Олон эмэгтэйн амийг хөнөөсөн цуврал аллагын эзэн хэргээ хүлээжээ

Олон жилийн турш “Волгын маняк” хэмээн нэрлэгдэж байсан цуврал аллагын эзэн 26 эмэгтэйн амийг хөнөөснөө хүлээсэн тухай ОХУ-ын мөрдөн байцаах хороо өчигдөр мэдээллээ.

Оросын төв бүсийн Татарстанд голдуу 2011-2012 онуудад ахмад насны 26 эмэгтэйн амийг хөнөөсөн этгээд нь 38 настай Радик Тагиров байсныг ДНХ шинжилгээ, гутлын мөр зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна. Тагиров нь ганцаараа амьдардаг эмэгтэйчүүдийн гэрт цахилгаанчин, слесарь зэрэг хүний дүрээр нэвтэрснийхээ дараа аллага үйлддэг байжээ. Түүний хохирогчид нь голдуу 70-аас дээш насныхан юм байна.

Тэрбээр ихэнхдээ хохирогчийн гэрээс үнэтэй эд зүйлсийг нь дээрэмддэг, хэргийн газарт ул мөр үлдээдэггүй байжээ. Тагировын хохирогчид Казань, Самара, Тольятти, Ижевск, Уфа зэрэг хотуудын оршин суугдчид байсан байна. Цуврал аллага 2013 онд завсарласан ч 2017 оноос дахин сэргэж, олон нийтийг айлгаж эхэлжээ. 2019 онд цагдаагийн газар алуурчныг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнд $40,000-тай тэнцэх мөнгөн шагнал амлаж байсан юм.

Эх сурвалж: The Guardian