УОК-ын шийдвэрийн улмаас Франкфуртад гацсан иргэд Я.Содбаатарт шаардлага хүргүүлжээ

УОК-ын шийдвэрийн улмаас Франкфуртад гацсан иргэд Я.Содбаатарт шаардлага хүргүүлжээ

Өнгөрөгч арван нэгдүгээр сарын 11-нд улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж,  гадаадад гацаад буй иргэдийг авч ирэх тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсан билээ. Улмаар арван нэгдүгээр сарын 19-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөж амьдарч буй орон сууц, ажлаасаа гараад байсан иргэд Европын орнуудад хүнд байдалд ороод байгаа талаар бид тогтмол мэдээлж буй билээ. 

Тэгвэл эдгээр иргэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатарт хандаж дараах шаардлагыг хүргүүлжээ. 

ТЭД ШААРДЛАГАДАА: 

Улсын Онцгой Комисс Шуурхай штабад шаардлага хүргүүлэх нь:

Франкфурт- Улаанбаатар чиглэлийн 11сарын 19 ны чартер нислэгт нэрс нь багтсан иргэдийг төлөөлөн энэхүү шаардлагыг хүргүүлж байна. 2020 оны 11 сарын 12-ны өглөөний 06 цагаас эхлэн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, бүх тусгай үүргийн нислэгүүдийг цуцласан.

Тухайн үед Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар тусгаарлагдах байрнуудад үнэлгээ хийж шинээр зохион байгуулах бөгөөд үүний дараа 12 сараас эхлэн гадаадад гацсан иргэдээ татаж эхлэнэ гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлд итгэж хүнд хэцүү нөхцөлд байгаа ч тэвчээртэйгээр хүлээж байсан. Харамсалтай нь энэ мэдэгдэлээс  хойш 18 хоногийн дараагаар 2020 оны 11 сарын 29нд Шадар Сайд өмнө нь хэлсэн зүйлээ дахин давтан ярьж( тусгаарлагдах байрнуудад дахин үнэлгээ хийж байна) байгаа нь гадаадад гацсан иргэдийг цар тахлын энэ хэцүү үед хөсөр хаяж, Үндсэн хуулиар хамгаалуулсан эрхийг нь зөрчиж байна гэж үзэж байна. 

Иймд бид Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссыг  2020 оны 12 сарын 06-аас өмнө яаралтай хуралдаж, тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг тодорхой болгож зарлах, цаашлаад гадаадад гацаж эрх нь зөрчигдөж буй монголчуудаа татаж авахыг шаардаж байна.  Хэрвээ бидний шаардлагыг эс биелүүлэвээс бид Франкфуртын онгоцны буудал дээр суулт хийж, өлсгөлөн зарлана гэдгээ энэхүү шаардлагаар хүргүүлж байна. Бид Ардчилсан засаглалтай Монгол Улсын иргэд, Бид Үндсэн Хуулиар хамгаалуулсан эрхээ эдлэх эрхтэй ард түмний нэг хэсэг тул иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд , аюулгүй байдлыг хамгаалах үүргээ ухамсарлан, яаралтай арга хэмжээ авна гэж итгэж байна. Шаардлага хүргүүлсэн: Франкфуртын нислэгт багтсан иргэд" 

гэжээ.