“Pfizer”-ийн коронавирусийн эсрэг вакцины анхны тээвэрлэлт хийгджээ

“Pfizer”-ийн коронавирусийн эсрэг вакцины анхны тээвэрлэлт хийгджээ

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд хамтран бүтээж буй "BNT162b2" коронавирусийн вакциндаа яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт/FDA/өнгөрсөн сарын 10-ны өдөр хүсэлтээ явуулсан билээ. Тэгвэл тус компаниуд вакцины анхны тээвэрлэлтийг хийсэн байна. Тодруулбал, вакцин Pfizer компанийн Бельги улс дахь үйлдвэрээс АНУ-ын Чикаго хот руу тээвэрлэгджээ.

Pfizer-ийн хэвлэлийн төлөөлөгч Ким Бенкер өмнө нь FDA-аас зөвшөөрөл автал вакциныг ачуулахгүй гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс вакцин тээвэрлэлт хийгдсэн нь үнэн эсэх талаар сэтгүүлчид тайлбар авах гэсэн боловч компаниуд хариу өгөхөөс татгалзжээ. Одоогоор хэр хэмжээний вакцин тээвэрлэгдэж байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. 

Вакциныг Цельсийн хасах 80 хэмд ердөө таван өдөр хадгалах боломжтой. Тиймээс хадгалалтын горимд дээд зэргийн хяналт тавих тусгай баг энэ удаагийн нислэгт хяналт тавьж ажиллаж байгаа аж.  

FDA-ээс “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг энэ сарын 10-ны өдөр шийдвэрлэнэ хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ АНУ-ын зүгээс “Pfizer”-ийн вакциныг авах шийдвэрээ аль хэдийн гаргаж Зул сарын баяраас өмнө нэгдсэн журмаар вакцинжуулалтыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн учраас зөвшөөрөл олгох эсэх нь цаг хугацааны л асуудал болж байна. 

Эх сурвалж: NBC