ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Оюу толгойн асуудлаар Рио Тинтод шахалт үзүүлэв

 ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Оюу толгойн асуудлаар Рио Тинтод шахалт үзүүлэв

Дэлхийн эдийн засгийн монополь хэвлэлүүдийн нэг  "Financial Times"-д Монгол Улс болон Рио Тинто группийн хооронд далд уурхайн өргөтгөлийн ажлын улмаас үүсээд буй асуудлын талаар нийтлэл гарчээ. 

“Рио Тинто” компани Монгол Улс дахь “Оюу толгой” зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж буй тухайгаа өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэж байсан. Тус уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг 2019 оны долдугаар сард “Рио тинто” компани зарлаж байсан юм. Тэгвэл Оюу Толгой болон Рио Тинтог тойрсон энэ асуудлын талаар Financial Times-д юу өгүүлснийг та бүхэнд орчуулан хүргэж байна. 

"Монгол Улс Оюу толгойн асуудлаар Рио Тинтод шахалт үзүүлэв" нийтлэлд хавсаргасан эх зураг

Монголын Засгийн газраас уул уурхайн хамгийн чухал төслүүдийн нэг болох далд уул уурхайн гэрээ, өргөтгөлийн ажил удаашралтай байгаа мөн асар их зардал гарч байгаа зэрэг асуудлыг бие даан шалгахыг эрмэлзэж байна. Тэдний зүгээс уг ажлыг гүйцэтгэх компанийг сонгон томилох бүрэн эрх бүхий ТУЗ-ийн тусгай хороог байгуулахыг хүсэж байгаа юм.

Тус хороо нь далд уурхайн өргөтгөлийг ажил яагаад хоцорч буйг, мөн яагаад төсвөөс давсан хэдэн тэрбум доллар зарцуулагдаж буй зэрэг асуудлыг шалгаж төслийн менежмент, уурхайн зураг төсөл дээр төвлөрч хяналт тавина. Энэхүү саналыг Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх ёстой.

Оюу толгойн гүний өргөтгөлийн ажил нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжсэнээр цахилгаан автомашин, салхин сэнсэнд ашиглах металлын эрэлт нэмэгдэж буй энэ үед Риогийн зэсийн гарцыг нэмэгдүүлэх нь тодорхой. Рио анх далд уурхайг 5.21 тэрбум ам.долларын өртгөөр 2021 оны эхний улиралд тогтвортой олборлолт хийнэ гэж амлалт өгч байсан. Гэсэн ч үүнийг 2022 оны 10-р сард шилжүүлэх талаар яригдаж байна. Хэрэв ингэвэл төсөв нь 6,6 тэрбум долларт хүрэх юм. Нөгөө талаар далд уурхайн өргөтгөлийн төсөл Рио-гийн гүйцэтгэх захирал асан Жан-Себастиан Жактай нягт холбоотой учир уг ажлыг сунжруулахад нөлөөлж байна. Жан Себастиан нь өнгөрсөн  тавдугаар сард хийсэн тэсэлгээний үеэр 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн гэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон юм. 

Оюу толгой бол Монгол Улсын эдийн засгийн шийдвэрлэх хэсэг гэж хэлж болно. Учир нь Оюу толгой гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр төдийгүй олон мянган хүнийг ажлын байр, цалингаар хангадаг.

Цаашлаад далд уурхайн өргөтгөлөөр хамгийн дээд хэмжээгээрээ зэс олборлоход тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлж чадна гэсэн тооцоо бий. Рио Тинтогоос зээл авах замаар Монгол улс газар доорхи бүтээн байгуулалтын ажлаа санхүүжүүлдэг.

Хяналт шалгалт хийх тухай яригдаж эхэлсэн нь уурхайн бүтээн байгуулалтын суурь болсон гэрээнүүдийг сайжруулахыг эрмэлзэж буй Рио болон Монголын Засгийн газар хоорондын харилцааг улам хурцатгах магадлалтай. Цаашлаад АНУ, Их Британийн зохицуулагчдын анхаарлыг ч татаж магадгүй юм.

Хэдийгээр Рио "Оюу Толгой" компанид үйл ажиллагаа явуулдаг боловч шууд хувьцаа эзэмшдэггүй. Оюу толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани бөгөөд “Оюу толгой”-н Монголын талын хувь хөрөнгийг эзэмших эрхийн дагуу Монгол улсын Засгийн газрыг бүрэн төлөөлдөг. Хувь нийлүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу толгой” ХХК “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг томилох эрхтэй. Тэд "Туркойз Хилл Ресурс" компани, "Рио Тинто" компанийн томилсон ТУЗ-ийн гишүүдийн хамт төслийн болон “Оюу толгой” ХХК-ийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлэх үүднээс тус компанийн менежментийг чиглүүлж, хяналт тавих, үүрэгтэй. "Туркойз Хилл Ресурс" (TRQ), Монгол улсад зэс, алт болон нүүрсний үйл ажиллагаа явуулж буй олон улсын уул уурхайн компани бөгөөд “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг. Рио, “TRQ” болон Монголын Засгийн газар бүгд гурван ТУЗ-ийн захиралтай. Хараат бус үнэлгээ хийхийн тулд "Оюу Толгой" ХХК-ийн есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлөөр эхлээд батлуулах шаардлагатай.

Рио Тинтогийн зүгээс далд уурхайн өргөтгөлийн ажлын удаашралыг уурхайн хүнд хэцүү ажиллах нөхцөлтэй холбон тайлбарлаж байгаа бол TRQ-ийн цөөнх хувьцаа эзэмшигчид Оюу толгой компанийн гүний уурхайн байгуулалтын гол хэсэг болох үйлдвэрлэлийн ам барьснаас үүдэлтэй гэж үзэж байна. Бид энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас тайлбар авахыг хүсэхэд албан бичиг явуулсан гэдгээ баталсан ч өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Рио Тинто ч мөн татгалзсан юм.

Эх сурвалж: Financialtimes