BBC: Согтууруулах ундааг хориглох нь сэтгэл гутрал үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

BBC: Согтууруулах ундааг хориглох нь сэтгэл гутрал үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

“Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс олон сарын турш ажлын байр, эдийн засаг болон эрүүл мэнддээ санаа зовниж өдөр хоногийг өнгөрүүлсээр байна. Манай улс олон сарын турш коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй барьж ирсэн ч өнгөрсөн сард тусгаарлалтаасаа гарсан нэгэн жолоочоос халдвар илэрч одоогоор дотоодын нийт тохиолдол 300 гаруй болоод байна.

Үүнтэй зэрэгцэн эдийн засаг, ажлын байр, эрүүл мэнддээ санаа зовсон иргэд ч ихэссээр буй. Хөл хорионы эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, цахим ертөнцөд хамгийн ихээр маргаан дэгдээгээд байгаа нэг сэдэв бол “архи, согтууруулах ундаа”  болон түүний хэрэглээ. Тэгвэл энэ удаад бид ВВС агентлаг дээр гарсан “Коронавирусийн үед архи, согтууруулах ундааг хориглохын үр нөлөө” хэмээх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-СОГТУУРУУЛАХ УНДААГ ХОРИГЛОХ НЬ ГОЛ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ,
ХАРИН ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ НЬ ИЛҮҮ
УРТ ХУГАЦААНЫ ҮР ДҮНТЭЙ ШИЙДЭЛ-

Цар тахлын үеэр олон улс оронд согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн нь ойлгомжтой. Энэ оны дөрөвдүгээр сард явагдсан судалгаагаар британичуудын 21 хувь нь хөл хорионд орсноор өмнөхөөсөө их уух болсон нь тогтоогдсон бөгөөд Канадад ч үүнтэй төстэй тоо гарчээ. Мөн Африк, Энэтхэг, Кени улсуудад ч үүнтэй төстэй байдал ажиглагдсан байна.

Их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг улсын тоонд багтдаг Өмнөд Африк улсын хувьд нийт дөрвөн сар гаруй архи, согтууруулах ундаанд хориг тавьжээ. Учир нь коронавирусийн халдвар авсан өвчтнүүдтэй зэрэгцэн архины хордлого, бусад өвчнөөр өвчлөн ирэгсдийн тоо ихсэж байсан тул тус улсын эрх баригчдад үүнээс өөс арга олдоогүй байна. Тэгвэл энэхүү хоригийн нөлөө нь юу байв? Үүнээс согтууруулах ундаа үйлдвэрлэлийн салбарт маш хүчтэй цохилт учирсан нь ойлгомжтой.

Тус улсын “Согтууруулах ундаа худалдаалагчдын холбоо”-ны тэргүүн Лаки Нтиманегийн хэлснээр “Өмнөд Африкт энэ салбарт 1 сая орчим хүн ажилладаг. Зарим талаараа улсын эдийн засаг энэ салбар дээр тулгуурладаг. Улсын нийт ДНБ-ий 3 хувь нь согтууруулах ундааны салбараас бүрддэг.

Мөн согтууруулах ундааг хориглосноор хууль бус худалдаа, хар зах зээл зэрэг нийтлэг сөрөг үзэгдэл гардаг” хэмээн тодорхойлжээ.

Дэлхий дээр одоо ч ийм үзэгдэл гарч буй бөгөөд Мексикийн зарим мужид цар тахлын үед согтууруулах ундааг хориглосноос үүдэн иргэд хар зах зээл дээрээс хорт метанол агуулсан архи авч уун амиа алдсан тохиолдол гарчээ. Өмнөд Африкт ч тавдугаар сард хөл хорионы үед архинаас гадна тамхийг хориглосны дараа архи, тамхины далд зах зээл ихээр цэцэглэсэн байна.

-АРХИЙГ ХОРИГЛОСОНООС ҮҮСЭХ АСУУДАЛ НЬ ШИЙДЭГДЭХ АСУУДЛААСАА ҮРГЭЛЖ ИЛҮҮ БАЙДАГ-

Мөн Лаки Нтиманегийн хэлснээр “Засгийн газар согтууруулах ундаанд хориг тогтоосноор олон зуун мянган хүнийг ажилгүй болоход хүргэсэн бөгөөд архийг бүрэн хориглох нь гол асуудлыг шийдэхгүй, харин иргэдийн боловсролд анхаарах нь илүү урт хугацааны, үр дүнтэй шийдэл” гэж үзэж байна. Харин Харвардын Их сургуулийн эдийн засагч Жеффри Мирон архийг хориглосноос үүсэх асуудал нь шийдэгдэх асуудлаасаа үргэлж илүү байдаг, тэр дундаа архины хэрэглээ, худалдааг далд зах зээлд шилжүүлдэг гэж үздэг байна.

Түүний тодорхойлсноор "Далд зах зээл нь иргэдэд тун их сөрөг нөлөөтэй. Тухайлбал энэ зах зээл нь илүү хүчирхийлэл дагуулсан хэв шинжтэй болж иргэд хордоx эсвэл хэтрүүлэн хэрэглэх үзэгдэл ихээр гаргадаг аж. Мөн татварын ашгийг цуглуулах боломжгүй болдог" хэмээжээ. Мироний хэлснээр дэлхийн ихэнх улсын хувьд согтууруулах ундааны татварын орлого нь тийм ч жинтэй байр суурь эзэлдэггүй байж болох ч салбарыг тэр чигт нь хууль бус болгох нь эдийн засгийн үр өгөөжөд тодорхой сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн иргэд ажилгүй болж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болж, сэтгэл гутралд орсноос үүдэн эрүүл мэндийн үзүүлэлт ч буурдаг гэж судлаачид тодорхойлжээ.

-ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД СОГТУУРУУЛАХ
УНДААГ НЬ ХОРИГЛОХ НЬ ҮР ДҮНГҮЙ-

“Ковид-19”-ийн нөхцөл байдлыг харахад халдвар ихээр тархах боломжтой ресторан, цэнгээний газарт согтууруулах ундааг хориглох нь илүү үр дүнтэй. Харин иргэдийг дэлгүүрээс согтууруулах ундаа худалдан авах боломжтой байлгах нь эдийн засаг болон хүмүүсийн сэтгэлзүйд эерэг нөлөөтэй гэдгийг судлаачид тайлбарлаж байна. Мөн хүчирхийллийг бууруулахын тулд согтууруулах ундааг хориглох нь ч үр дүнд хүргэдэггүй гэдгийг дэлхийн олон улс орны туршлага хүн төрөлхтөнд харуулсаар байна.