ХЭРГИЙН ГАЗАР: Засварчныг дайрч амийг нь хөнөөсөн жолоочийг хяналтын камерын тусламжтай илрүүлжээ

ХЭРГИЙН ГАЗАР: Засварчныг дайрч амийг нь хөнөөсөн жолоочийг хяналтын камерын тусламжтай илрүүлжээ

Өчигдөр /2020.12.03/ 07.00 цагийн үед "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хашаанд ноцтой осол гарч хүний амь нас эрсдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Бид уг хэргийн мөрөөр сурвалжиллаа.

-АЖИЛТНУУД: ОСОЛ ГАРАХ ҮЕД ИХ ЧАНГА ЧИМЭЭ ГАРЧ, ХҮН ОРИЛСОН-

Энэ өдрийн өглөө 06.00 цагт жолооч нар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулан, цэвэрлэгээ ариутгалаа хийлгэж гарын үсгээ зураад  шугам замд гарчээ. Ингээд тун удалгүй буюу 07.00 цагийн орчимд нэг жолооч “Автобус хөлдөөд явж болохгүй байна” хэмээн бааздаа эргэн ирсэн байна.

Баазын засварчин 25 настай залуу автобусыг хүлээн авч засвар хийж эхэлжээ. Харин жолооч автобусаа засварчинд үлдээгээд түр өөр тийшээ явсан байна.

Энэ үед тус баазын өөр жолооч өөрийнхөө автобусыг грашаас гаргахын тулд засвар хийж байсан автобусыг өөр газарт байршуулахаар хөдөлгөж улмаар дор нь байсан засварчинг дайрч амь насыг нь хохироосон байна.

Автобус нэг бааз 2020.12.03

Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гарах үед маш чанга дуу чимээ гарч хол зайнд ч сонсогдож байжээ. Гэтэл осол гаргасан жолооч ослын газраас шууд холдож баазын хашаанаас гарсан байна. Ингээд хяналтын камерын тусламжтайгаар осол гаргасан жолоочийг олж илрүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тус жолоочийн хувьд “Би мэдээгүй. Хүн дайрснаа ч мэдээгүй” гэх тайлбарыг хэлж байжээ.

Харин баазын өөр ажилчид тухайн үед грашт хүн чанга орилж, маш их дуу чимээ гарсан. Уг чимээнээр бид ирэхэд хэрэг гарсан байсан гэв.  

Автобус нэг бааз 2020.12.03

-АМИА АЛДСАН ЗАСВАРЧИН  25 НАСТАЙ НЭГЭН БАЙЖЭЭ-

Амиа алдсан засварчны хувьд 25 настай тус баазад ажилд ороод нэг жил гаруй болж байсан залуу аж. Харин осол гаргасан жолооч тэтгэвэртээ гарах гэж байсан туршлагатай ажилтан гэнэ. "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хувьд жолоо дамжуулах, автобус солихыг дотоод журмаараа хориглодог аж. Гэтэл жолоочийг эзгүйд автобусыг нь дураараа барьж хөдөлгөсөн нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдэл гэж тус байгууллагын удирдлагууд үзэж буй бололтой.

Хэргийг одоо цагдаагийн байгууллагад шалгаж буй  юм. "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр ажлаа өнгөрсөн аравдугаар сард хүлээлгэн өгчээ. Ингээд түр орлон гүйцэтгэгчээр тус баазын хэлтсийн дарга ажиллаж байгаа аж.

Сүүлийн саруудад тус баазад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, ажлын байранд архидан согтуурах зэрэг үйлдэл ихээр гарах болсон байна.

Мөн осол болохын өмнө тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хоёр ажилтан болон хэсэг хүмүүс одоогийн удирдлагыг огцрохыг шаардаж нэлээн бужигнааныг үүсгэжээ. Үүсээд буй нөхцөл байдалтайгаар өчигдөр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тус баазад ажиллажээ.