Саран дээр буусан БНХАУ-ын сансрын хөлөг ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт газардана

Саран дээр буусан БНХАУ-ын сансрын хөлөг ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт газардана

Коронавирусийн халдвараас ангид энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн сонирхолтой үйл явдал бол БНХАУ-ын “Chang'e-5” роботжуулсан сансрын хөлгөө сар руу илгээсэн үйл явдал байлаа. Тус хөлөг долоо гаруй хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр эх дэлхийгээс хөөрсөн юм. 

БНХАУ-ын Сансрын судалгааны төв

-БНХАУ САРАН ДЭЭР ТУГАА МАНДУУЛСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ УЛС БОЛОВ-

АНУ анх саран дээр тугаа мандуулснаас 50 жилийн дараа БНХАУ улаан тугаа мандуулсан хоёр дахь улс боллоо. “Chang'e-5” хөлөг сарнаас дээж авч эх дэлхий рүү буцахаас өмнө Хятад улсын туг саран дээр байрлаж буй зургийг илгээсэн байна. 

Хөлгийн илгээсэн зураг

Туг нь 2 м өргөн, 90 см өндөртэй, нэг кг орчим жинтэй аж. Төрийн далбааны бүх хэсэгт сарны хэт хүйтэн температур болон нарны цацрагаас хамгаалах хамгаалалт хийж өгсөн хэмээн төслийн удирдагч Ли Юнфэн “Global Times” сонинд ярьжээ. Учир нь дэлхийн агаар мандалд мандуулдаг шиг энгийн туг хэзээ ч саран дээр удаан тэсэхгүй аж. Өмнө нь АНУ-ын мандуулсан туг он удаан жил нарны гэрэлд байсаар цайж хуучирсан талаар НАСА-аас мэдээлж байсан юм. 1969 онд анх АНУ "Аполлон-11" хөлгөө сар руу илгээж далбаагаа байрлуулж байсан түүхтэй. Үүний дараа 1972 онд дахин нислэг үйлдэж сарны гадаргуу дээр нэмж таван туг байрлуулж байжээ. 

-ХӨЛӨГ 12-Р САРЫН ДУНДУУР ӨМӨЗО-НЫ ГАЗАР НУТАГ ДЭЭР ГАЗАРДАНА-

“Chang'e-5” хөлөг өчигдөр /2020.12.04/ сарнаас дэлхий рүү буцсан бөгөөд сансраар 23 хоног аялж 12-р сарын дундуур Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дөрвөд хошуу хэмээх газар буух аж. Дөрвөн хошуу нь манай улсын Дорноговь аймагтай хил залгаа оршдог бөгөөд Хөх хотоос 80 км-ийн зайд оршдог. Тус бүс нутагт Хятадын сансрын хөлгийн буух талбай байдаг аж. Хөлөг сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулсан юм. Сорьцыг цуглуулахдаа сарны гадаргуу буюу ил хэсгээс авах болон өрөмдөх гэсэн хоёр аргыг ашигласан байна. Энэ хоёр арга нь олон төрлийн дээж авах хамгийн боломжит хувилбар гэнэ. 

Хөрснөөс дээж цуглуулж буй нь

БНХАУ сүүлийн үед сансрын уудам дахь үйл ажиллагаандаа түлхүү төвлөрч ажиллаж байна. Тус улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гараг руу анхны робот станцаа илгээсэн билээ. Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байна. Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаач Лин Янтинг “Сарны хөрс нь нар, дэлхий, сарны нууцыг нуусан номтой адил юм. Дээжийг эх дэлхийд авч ирсний дараа дотоодын болон хилийн чанад дахь бүхий л эрдэмтэд, судлаачдад нээлттэй байлгах болно” гэжээ. 

Сарны хөрсийг судлах нь нарны систем болон дэлхийн талаар илүү ихийг мэдэх боломжийг хүн төрөлхтөнд олгож буй ч нөгөөтэйгүүр дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны салбарын өрсөлдөөн болж байна.  

Эх сурвалж: Xinhuanet, BBC