ШУУРХАЙ МЭДЭЭ: Метилийн спирт хэрэглэсэн НЭГ иргэн амиа алдаж, ДӨРВӨН иргэний бие хүнд байна

2020-12-06 11:23

Б.Ууганбаяр: Техникийн спирт хэрэглэсэн 4 уурхайчин нас барж, гурав нь Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байна

Төв аймгийн Заамар суманд өчигдөр /2020.12.05/ орой долоон иргэн техникийн спирт хэрэглэж, нэг нь газар дээрээ нас барж, гурав нь сумын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алдсан тухайн бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.  Тэрээр “Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай долоон хүний талаар золгүй мэдээлэл ирсэн.

Үүнээс нэг хүн нь бичил уурхайд газар дээрээ, гурван хүн нь тус сумын Хайлааст багийн эмнэлэг дээр ирээд нас барсан.

Харин гурван хүн нь Улсын Нэгдүгээр эмнэлэгт эрүүл мэндийн тусламж авч байна. Нэг хүний биеийн байдал нь хүнд байна. Эдгээр хүмүүс архи уусан гэсэн асуумжтай боловч техникийн спирт хэрэглэсэн байна. Тиймээс орон нутагт уул уурхайн болон бусад салбарт ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй хүмүүст техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхааруулъя” гэв. 

2020-12-06 10:12

ШУУРХАЙ МЭДЭЭ: Техникийн спирт хэрэглэсэн иргэдийн ДӨРӨВ нь амиа алдаад байна

Төв аймгийн Заамар суманд өчигдөр /2020.12.05/ орой таван иргэнд метил /техник/-ийн спиртэд хордож, нэг нь амиа алдаж, дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл шалгалтын явцад эдгээр таван иргэд биш долоон иргэн нэг газар цугларч, техникийн спирт хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Харамсалтай нь, эдгээр иргэдийн гурав нь өнгөрөгч шөнө амиа алдсан бол нэг нь Улаанбаатарт хот руу яаралтай тусламжийн автомашинаар хүргэгдэн ирэх замдаа амьсгал хураасан гэх мэдээлэл байна. Харин гурван иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Эдгээр иргэд Төв аймгийн Заамар суманд бичил уурхай эрхлэгчид байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр долоо иргэн антифриз буюу автомашины хөргөлтийн шингэн ууж хэрэглэж хордсон. Улмаар антифризид техникийн спирт болон этилен гликол зэрэг хүнийг үхэлд хүргэх химийн бодисууд агуулдаг байна. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлэх болно. 

2020-12-05 21:44

ШУУРХАЙ МЭДЭЭ: Метилийн спирт хэрэглэсэн НЭГ иргэн амиа алдаж, ДӨРВӨН иргэний бие хүнд байна

Архангай, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг үргэлжлүүлж “чанга хатуу хөл хорио”-г энэ сарын 11 ны өдрийн хүртэл тогтоогоод буй. Харин бусад аймаг орон нутагт гамшгийн зэрэглэлийг бууруулж онцгой дэглэмд шилжсэн. 

Харин ихэнх орон нутагт архи, пиво зэрэг согтууруулах ундааны борлуулалтыг бүрэн зогсоод буй. Иймд зарим иргэдийн зүгээс энэ согтууруулах ундааны төрлийн зарим бүтээгдэхүүнийг борлуулахыг шаардаж буй. 

Тэгвэл согтууруулах ундааны худалдааг хязгаарласнаас болсон байж болзошгүй хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, өнөөдөр /2020.12.05/ орой 19 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд таван иргэн метилийн спирт хэрэглэсний улмаас нэг нь амиа алдаж, дөрвийнх нь биеийн байдал хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. 

Метилийн спиртыг модноос нэрж гаргадаг учраас энэ төрлийн бодисыг метилийн спирт гэж нэрлэдэг. Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай аж. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч ордог байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө