ШИНЭ СОЁЛ: БНСУ-д идэх боломжтой жель хэлбэртэй архи худалдаанд гарна гэв

ШИНЭ СОЁЛ: БНСУ-д идэх боломжтой жель хэлбэртэй архи худалдаанд гарна гэв

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд дэлхийн эдийн засаг, техник технологи, боловсрол соёл гээд олон салбарт багагүй өөрчлөлт гарч, хүн төрөлхтөн ч үүнд дасан зохицох шаардлага тулгарсаар байна. Бактери устгагчтай гар утас, чихэвчтэй амны хаалт, автоматаар ажилладаг цахилгаан шат, түргэн хоол зөөдөг жолоочгүй машин гээд бидний амьдардаг ертөнц текник, технологийн үсрэнгүй хөгжилд шилжсээр.

Хүмүүс бидний хувьд ч шинэ туршлага, шинэ мэдрэмж нэмэгдэж, завгүй амьдралын хэмнэлээс жаахан ч гэсэн амсхийж гэртээ байж, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломтой онцгой өдрүүд үргэлжилсээр байна.

-БНСУ-ЫН  ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУНД ХӨЛ ХОРИОНЫ ӨДРҮҮДЭД ГЭРТЭЭ ӨӨРСДИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН АРХИ ХИЙХ ШИНЭ СОЁЛ БИЙ БОЛЖЭЭ-

Дэлхий нийтээр хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж, худалдаа, үйлчилгээний  газрууд хаалгаа барьсан нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж буй.  Үүн дотроос архи, согтууруулах ундааны бизнес дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Учир нь зарим улс орнуудад архи, согтууруулах ундааны хэрэглээг түр хязгаарласан нь хүн төрөлхтөнд хүчтэй нөлөөлж, маргаан мэтгэлцээн дагуулж эхэлсэн юм. Үүнээс болж зарим улсад далд заах зээл цэцэглэж буй бол зарим газар хүмүүс архи, согтууруулах ундааны орцонд ордог химийн бодисуудыг хэрэглэж амиа алдах тохиолдол ч гарсаар байна.

Тэгвэл БНСУ-д архи, согтууруулах ундааны нэгэн цоо шинэ соёл үүсэх гэж байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Тодруулбал, тус улсад өнгөрсөн аравдугаар сард архи, согтууруулах ундааг шингэн биш цэлцэгнүүр хэлбэрт шилжүүлэн худалдаалах шинэ арга барил бий болсон байна.

Энэхүү арга нь тус улсад коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы өдрүүдэд маш хурдан нэвтэрч эхэлжээ. Хүмүүс гэртээ байх хугацаандаа цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд гэртээ архи исгэж, мөн шар айраг, сөжүний орц найрлагыг хүссэнээрээ өөрчлөн чихэр, зөгийн бал, олон төрлийн жимс зэргийг ашиглан өвөрмөц амт гаргаж байгаагаа цахим орчинд ихээр хуваалцаж эхэлжээ. Энэ хугацаанд уух биш идэх зориулалттай солонгос архи буюу жель сөжүг гарган авах боломжтойг олж мэдсэн байна. Тиймээс тус улсын “Бэй Сон Мён” гэх компани сөжүг цэлцэгнүүрт хэлбэрт шилжүүлэн идэх боломжтойгоор үйлдвэрлэх гэж байгаа аж. Энэхүү өвөрмөц согтууруулах ундаа нь одоогоор арай худалдаанд гараагүй байгаа бөгөөд хэрэглэгчдийн зүгээс маш их хүлээлттэй байгаа юм байна. Мөн “энэхүү бүтээгдэхүүн нь залууст зориулсан шинэ давалгааг бий болгох болно”  хэмээн бизнес эрхлэгчид дурджээ.

-ИРЭЭДҮЙД ХЭРЭГЛЭГЧИД ГАШУУН БИШ ИЛҮҮ ЧИХЭРЛЭГ АМТТАЙ, УЛАМЖЛАЛТ СОЁЛЫГ ЭВДСЭН ӨВӨРМӨЦ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-

Коронавирусээс болж олон сар ашиг орлогоо алдсан БНСУ-ын  архи согтууруулах ундааны бизнес эрхлэгчид эдгээр өдрүүдэд гэрийн нөхцөлд архи хийх сурталчилгааг иргэдэд ихээр өрнүүлж байгаа аж. Энэ талаар нэгэн бизнес эрхлэгч “Хөл хорионы өдрүүдэд бид архины олон сонирхолтой жорыг туршиж, иргэддээ ч тодорхой хэмжээнд сурталчилгаа хийж байна. Цар тахлаас үүдэн хэрэглэгчдийн сэтгэл санаа өөрчлөгдөх, стрессээ тайлах зайлшгүй шаардлага тулгарч буй тул гэртээ шинэ жор турших хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд ирээдүйд хэрэглэгчид гашуун биш илүү чихэрлэг, уламжлалт соёлыг эвдсэн өвөрмөц хэрэглээг хүсэж байна гэж манай салбарыхан дүгнэсэн.

Мөн бид гэрийн архи хийхэд тохиромжтой тусгай коктейлуудийг үйлдвэрлэж, тэдгээрийн төрлийг нэмэгдүүлэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.  Саяхан “Pouch Mojito”, “Pouch Cosmopolitan” гэх тусгай коктейль бэлтгэсэн бөгөөд үүнийг ашиглан иргэд гэртээ хялбархан архи хийх боломжтой. Энэ салбарт архины төрөл бүрийн жор, гэрийн коктейлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх замаар архины шинэ соёлд чиглэсэн маркетинг идэвхтэй явагдаж байна” хэмээн ярьжээ.