Жолоочийн хариу “сөрөг” гарч, ХИЛ ХООРОНДЫН нүүрс тээвэр хэвийн үргэлжилж эхлэв

2020-12-11 09:13

Жолоочийн хариу “сөрөг” гарч, ХИЛ ХООРОНДЫН нүүрс тээвэр хэвийн үргэлжилж эхлэв

Манай улсын Ханги хилийн боомтын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Мандал боомтын гаалийн хяналтын талбай хүртэл нүүрсний тээвэрлэлт хийдэг 73 жолоочоос коронавирусийн шинжилгээг БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 09 /2020.12.09/ авахад “Нью ка**” ХХК /тухайн компанийн бизнесийн нэр хүндэд халдаж болзошгүй тул нэрийг нь нууцлав/-ийн жолооч Г-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан байдаг. 

Иймд өчигдөр /2020.12.10/-ны өдрийн 8:30 цагаас эхлэн Монгол Улс, БНХАУ-ын хил хоорондын ачаа тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан юм. 

Тэгвэл Г жолоочоос түргэвчилсэн оношлуураар авсан хариу “эерэг” гарсан байжээ. Иймд түүнээс PCR –ын шинжилгээ хийхэд хариу “сөрөг” гарсан байна. Иймд өчигдөр оройноос эхлэн Ханги боомтын нүүрсний экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн байна.

2020-12-10 11:11

Нүүрс тээврийн Монгол жолоочоос коронавирус илэрч, ХИЛ ХООРОНДЫН ачаа тээврийг түр зогсоолоо

Хөл хорионы энэ үед манай улсын эдийн засгийн ихэнх хэсгийг Тавантолгойн нүүрсний экспорт бүрдүүлж байна. Иймд УУХҮ-ийн сайд Г.Ёндон экспортын гол бүс нутагт байдаг Тавантолгой зэрэг ордуудад аюулгүйн тусгай бүс байгуулж, тээврийн жолооч нарыг нэг бүрчлэн коронавирусийн шинжилгээнд хамруулж, Гашуунсухайт зэрэг боомтыг “Ногоон бүс” болгож зарлахыг үүрэг болгосон.

Тэгвэл Ханги хилийн боомтын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Мандал боомтын гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлт хийдэг 70 гаруй жолоочоос коронавирусийн шинжилгээг БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр /2020.12.09/ авахад Монголын нэр бүхий компанийн жолооч Г-ын PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул өнөөдөр /2020.12.10/-ны өдрийн 8:30 цагаас эхлэн Монгол Улс, БНХАУ-ын хил хоорондын ачаа тээврийг түр хугацаагаар зогсоосон байна. 

Мөн зарим эх сурвалжийн бидэнд өгч байгаа мэдээллээр тухайн жолоочийн шинжилгээний хариу PCR биш түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан гэсэн юм. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө