Талийгаач хүүгээ сураглаж ирсэн ээжийг "Говь"  компани дотогш нэвтрүүлээгүй гэв

Талийгаач хүүгээ сураглаж ирсэн ээжийг "Говь" компани дотогш нэвтрүүлээгүй гэв

“Говь” ХК-нд ажилладаг 18 настай Л гэх залуу өчигдөр тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, өчигдөр өглөөний 10:30 цагийн үед “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн ч залуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ.

Улмаар “Говь ” ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан ч компанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийн үед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. 

Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Талийгаач Л тус компанид ажиллаад гурван сар болж байсан бөгөөд саяхан үндсэн ажилтан болжээ.