“Фейсбүүк” компани таван тэрбум доллараар торгуулжээ

“Фейсбүүк” компани таван тэрбум доллараар торгуулжээ

АНУ-ын Холбооны худалдааны комиссоос Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэл, нууцад халдсан хэрэгт таван тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар болж, үүнийг төлүүлэхээр тохиролцжээ.

Тодруулбал, хоёр жилийн өмнөөс эхлэн АНУ-ын эрх баригчид хэд хэдэн гэрчийн мэдүүлгийг үндэслэн тус компанийг хэрэглэгчдийн гар утасны дугаарыг дата хэлбэрээр цуглуулан, өөр зорилгоор ашигладаг гэж буруутган, 2018 оны гуравдугаар сараас эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Мөрдөн шалгалтын дүнд Фэйсбүүк компани нь ойролцоогоор 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг Их Британид төвтэй улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Cambridge Analytica” компанитай хуваалцаж байсныг илрүүлсэн юм.

Мөн Фэйсбүүк компани нь 30 орчим сая хэрэглэгчдэд үйлчилгээний нөхцөлд байх хүний нүүр царай таних хиймэл оюун ухааны технологийн талаар дутуу мэдээлэл өгсөн нь тогтоогдоод буй. Тиймээс АНУ-ын Холбооны худалдааны комисс тус компанид 5 таван тэрбум ам.долларын торгууль ногдуулсан юм.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэхүү торгуультай холбоотойгоор Фэйсбүүк компани нь нууцлалын асуудал эрхэлсэн бие даасан удирдах зөвлөл байгуулахаар болсон байна. Тэд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон нууцлал хангагдсан эсэхийг нягталж, хэрэв үгүй бол компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байх аж. Мөн Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг гурван сар тутамд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зохих ёсоор хамгаалж байгаа талаарх үйл ажиллагааныхаа тайланг удирдах зөвлөлд танилцуулж байхаар тогтжээ.    

Эх сурвалж: Reuters