“Азийн динозаврын холбоо"-ны их хуралд 120 гаруй орны эрдэмтэн, судлаач оролцож байна

“Азийн динозаврын холбоо"-ны их хуралд 120 гаруй орны эрдэмтэн, судлаач оролцож байна

МУИС-д өнөөдөр “Азийн динозаврын холбоо”-ны олон улсын IV их хурал эхэлж байна. 

Азийн үлэг гүрвэлийн холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Олон улсын үлэг гүрвэл, эртний шим ертөнцийн судлаачдын энэхүү чуулга уулзалтын үеэр эрдэм шинжилгээний хурал болохоос гадна хээр, хөдөө буюу Баянзагт эрдэмтэд очиж ажиллах зэрэг арга хэмжээ болох юм. 

Тус арга хэмжээг анх Япон улсын Фүкүй хотноо 2013 онд зохион байгуулж анхны хурлаа хийж удирдах зөвлөл болон бусад сонгуульт ажилтан, гишүүдээ бүрдүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан бол 2015 онд Тайланд улсын Хатан хааны ивээл дор зохион байгуулагдан өргөжсөн бөгөөд 2017 онд Хятад улсад зохион байгуулагдаж байсан түүхтэй юм.

Харин энэ жил Монгол улсад зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Япон, Солонгос, Хятад, Канад, Испани, Тайланд, Тайвань, Дани, Франц зэрэг орны 120 гаруй эрдэмтэн судлаачид, оюутнууд оролцох бөгөөд Монголын говийг дэлхий дахинд таниулах нэгэн томоохон арга хэмжээ болно.