Борис Жонсон Их Британийн шинэ ерөнхий сайдаар тодорчээ

Борис Жонсон Их Британийн шинэ ерөнхий сайдаар тодорчээ

Их Британийн эрх баригч Консерватив намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтын үр дүнд тус намын даргаар Борис Жонсон сонгогдсон байна. Нийт 160,000 гишүүн санал хураалтад оролцсоноос 92,153 нь Борис Жонсоныг, 46,656 нь гадаад хэргийн сайд Жереми Хантыг дэмжжээ.

Ингэснээр Лондон хотын дарга асан, гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Их Британийн ерөнхий сайд болох зам нээгдэж байна. Өнөөдөр Хатан хаан Элизабет II түүнийг ерөнхий сайдын албан тушаалд томилно.

Их Британийг Европын Холбооноос гаргах хөдөлгөөний гол удирдагч нь Борис Жонсон юм. Тэрээр санал хураалтад ялсныхаа дараа үг хэлэхдээ ямар нэг гэрээ байгуулж чадсан, чадаагүй аль ч тохиолдолд аравдугаар сарын 31-нээс өмнө Британи улс Европын Холбооноос гарна гэдгийг зарлажээ.

Өмнөх ерөнхий сайд Тереза Мэй улс орноо Европын Холбооноос гаргахаас өмнө Брюссельтэй заавал худалдааны гэрээ байгуулж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах зорилт тавьж байсан юм. Гэвч түүний боловсруулсан гэрээний саналыг Британийн парламент дараалан унагаснаар тэр ерөнхий сайдын суудлаас огцрох болсон.

Борис Жонсон өөрийн засгийн газрын зорилтыг тодорхойлохдоо “Brexit-ийг хэрэгжүүлнэ, улс орноо нэгтгэнэ, Жереми Корбиныг ялна” гэжээ. Тэрбээр Британийн хамгийн этгээд улс төрч гэгддэг хааш яаш засалттай шаргал халимаг үс, хурц үг яриатай бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн үймээнтэй цаг үедээ байгаа улс орныг удирдахаар болж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө