ВИДЕО: Дайны үеэр буудах гэж байсан хүүхдүүдтэйгээ 76 жилийн дараа уулзжээ

ВИДЕО: Дайны үеэр буудах гэж байсан хүүхдүүдтэйгээ 76 жилийн дараа уулзжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Итали орныг Германы нацистуудаас чөлөөлж явсан АНУ-ын ахмад дайчин Мартин Адлер олон жилийн өмнө буудах гэж байсан хүүхдүүдтэйгээ саяхан уулзжээ.

Олон жилийн өмнөх явдлыг тодруулбал, дайчин Мартин Адлер 1944 оны аравдугаар сард Апениний уулсын дунд орших Монтерензо тосгоныг чөлөөлөх үеэр салааны цэрэг Жон Бронскийн хамт тосгоны нэгэн эзгүй байшинд ороход том сагсан дотроос чимээ гарчээ. Герман цэрэг нуугдаж байж болзошгүй гэж бодсон Мартин Адлер сагс руу буудах гэтэл нуугдаж байсан эмэгтэй үсрэн гарч ирээд “Битгий бууд! Тэнд хүүхдүүд байгаа” гэж хашхиран гуйсан байна. Үнэхээр сагсан дотроос 3-6 настай ах дүү гурван хүүхэд гарч иржээ. Дараа нь Адлер тус гурван хүүхэдтэй хамт дурсгалын зураг авхуулахаар болж хүүхдүүд хамгийн гоё хувцасаа өмсчээ.

Энэ явдлаас хойш 76 жилийн дараа Флоридад амьдарч буй 96 настай ахмад дайчин Мартин Адлер зураг дээрх хүүхдүүд амьд сэрүүн байгаа бол уулзах хүсэлтэйгээ өөрийн охин Рачельд хэлсэн байна. Харин охин нь гэрэл зургийг Италид байлдаж явсан Америк, Канад ахмад дайчдын фэйсбүүк хуудсанд нийтэлж, тэднийг мэдэх хүн байвал холбогдохыг хүссэний дагуу дэлхийн хоёрдугаар дайны сэдвээр бичдэг зохиолч, сэтгүүлч Маттео Инчерти олж хараад Италийн хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Ахмад дайчны охин фейсбүүкд бичсэн зарлалдаа “Дайны үеэр санамсаргүй буудах гэж байсан хүүхдүүдтэй нь аавыгаа уулзуулж, зул сарын бэлэг барих гэсэн юм. Бурхны авралаар Бронский тэр хоёр одоо эрүүл саруул байгаа” гэж бичсэн байна. Удалгүй хүүхдүүдийн ахмад нь болох Бруно зураг дээрээс өөрийгөө таниад сэтгүүлч Инчертитэй холбогджээ. Ингээд сэтгүүлч 79-83 настай Бруно, Мафальда, Жулиана нарыг Мартин Адлертай видео холбоогоор уулзуулсан байна. Одоо Флоридад байгаа ахмад дайчинтай Италид амьдарч буй тус хүүхдүүд цар тахал намжсаны дараа заавал уулзалдах болно гэдгээ хэлсэн байна.

Бруно, Мафальда, Жулиана нар Адлертай цахим сүлжээгээр ярьж буй нь

Бруно, Мафальда, Жулиана нар сэтгүүлч Маттео Инчертигийн хамт

Эх сурвалж: Wanted in Milan