Бүх насаараа хоригдох ял авч, 20 жил шоронд суусан эрэгтэйн гэм буруугүй болохыг тогтоожээ

Бүх насаараа хоригдох ял авч, 20 жил шоронд суусан эрэгтэйн гэм буруугүй болохыг тогтоожээ

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1988 онд Өмнөд Солонгост олныг цочроосон хэрэг гарсан юм. Тодруулбал, 13 насны охиныг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Тухайн үед энэ хэрэгт буруутгагдсан цорын ганц хүн нь өдгөө 50 орчим насны Юн Сон Ёо гэгч байсан юм. Тэгвэл өнөөдөр Сувон хотод болсон шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгажээ. Энэ хугацаанд тэрээр 20 жилийг шоронд өнгөрөөсөн юм.

Анх хэрэг гарсан 1986-1991 онд Өмнөд Солонгосын Гёнги мужид 10 эмэгтэйг хөнөөсөн цуврал аллага гарч, үүнийг “Хвасонгийн аллага” гэж нэрлэж байсан. Тухайн үед Юн Сон Ёог энэ хэрэгт холбогдуулан баривчилсан ч тэр зөвхөн нэг хүнийг /13 настай охиныг/ хөнөөсөн хэргээ хүлээж бүх насаараа хоригдох ял авсан юм. Тэгвэл 57 настай И Чун Жэ өнгөрсөн сард эдгээр цуврал аллагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүх хурал дээр “өөрийгөө эрт баривчлагдаагүйг гайхаж байна” гэж хэлснээр хэргийн зангилаа тайлагдсан гэж хэлж болно. 

Хэргийн газарт цагдаа нар ажиллаж буй нь.

Харин Юн Сон Ёод цагдаа нар хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, унтуулахгүйгээр тамлан зовоох гэх мэт хууль бус аргыг хэрэглэсэн учраас аргагүйн эрхэнд хилс хэрэг үүрсэн нь тогтоогдсон байна.

Өнөөдөр болсон хурлын үеэр шүүх бүрэлдэхүүн шударга ёсыг сахиулж зохих ёсоор ажиллаж чадаагүйдээ түүнээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Юн өөрийгөө гэм буруугүй гэдгийг олон жилийн турш хэлж байсан. Харин өнгөрсөн жил цагдаа нар жинхэнэ хэрэгтэн И Чун Жэтэй холбогдох нотлох баримт олсны дараа л дахин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, нэг жилийн дараа түүний буруугүйг нотолж буй нь энэ юм. 

Эх сурвалж: CNN




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө