ҮНДСЭН ХУУЛЬ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа  таван жил болвол 2020 оны сонгууль 2021 онд болж ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

ҮНДСЭН ХУУЛЬ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа  таван жил болвол 2020 оны сонгууль 2021 онд болж ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

МАН-ын УИХ-ын 64 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан саналтай харьцуулан судлах, яг аль заалтыг Үндсэн хуульд оруулж УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахалж байгаа юм. Тэд наймдугаар сарын 09-ны  өдрийг хүртэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр зөвшилцөж саналаа нэгтгэх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАР ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ НЭГДЭЖ ЭХЭЛСЭН

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлын хэсэг уулзаж, зарим заалт дээр санал нэгдэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар хэлэлцэж нэлээн нааштай  үр дүнд хүрчээ.

Х.Баттулга, У.Хүрэлсүх нараар ахалсан ажлын хэсэг саналаа нэгтгэж албан ёсоор танилцуулсны дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. Үүний дараа буюу ирэх намраас ард нийтийн санал асуулга явуулах ажил үргэлжилж магадгүй гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь ТАВАН ЖИЛ гэж тусгаж өгсөн. Ингэснээр Засгийн газрын бүрэн эрх автоматаар ТАВАН ЖИЛ болж байгаа  юм. Харин МАН-ын 65 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг ЗУРГААН ЖИЛ байхаар тусгасан билээ.

Энэ тохиолдолд одоогийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүрэн эрх автоматаар сунгагдах уу гэсэн асуулт олон нийтийн дунд ТОДОРХОЙГҮЙ  байгаа юм. 

Тухайлбал, 2020 ондоо багтан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталбал УИХ-ын ажиллах хугацаа 2021 он хүртэл сунгагдаж сонгууль мөн энэ онд болно. Ерөнхийлөгч Х.Баттулга 2023 он хүртэл ажиллана уг тохироогоо аль хэдийн хийсэн гэх яриа байна.

Тэгвэл бид уг асуудлыг хуульч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх сунгагдахгүй.

Дараагийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд л өөрчлөлт орно. 2020 онд сонгууль болдгоороо болно. Үндсэн хуулийн дагаж, мөрдөх журмын тухай хуулиндаа тухайлсан заалт бүрийн хэрэгжих хугацааг тодорхой тусгаж өгдөг. Одоогоор хэрэгжих хугацааг тусгаж өгөөгүй  ч хэлэлцэх явцдаа сайн тусгаж өгнө” гэсэн юм.