Дэлгэр мөрөн голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж усанд осолджээ

Дэлгэр мөрөн голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж усанд осолджээ

Голд автомашинаа угааж байсан иргэн хөл алдаж живсэн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / “Дэлгэр мөрөн” голд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага долдугаар сарын 24-ний өдрийн 18:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын есөн алба хаагч, хоёр автомашин, нэг завьтай зургаан км зам туулан 19:01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21:02 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн долдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагт эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт гурван км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08:22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.