ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Тувааны хэрэглэж буй АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгожээ

2020-12-26 11:12

АН-ын Их хурлын гэх шийдвэрийг буцаан татах хүсэлтээ УДШ-д гаргажээ

Улс бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд өчигдөр /2020.12.25/ шинэчлэн бүртгүүлсэн талаар бид мэдээлсэн. 

  • Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ “энэ сарын 18, 19 –ны өдрүүдэд зохион байгуулсан 10 дугаар их хурлын тэмдэглэл, шийдвэрийг зэргийг буцаан татах хүсэлт”-ийг Улсын Дээд шүүхэд гаргажээ. 
  • Мөн тэрээр АН-ын тамга бүхий 2020 оны долдугаар сарын 8 –ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх бүх шийдвэр, гэрээ зэргийг хүчингүйд тооцсугай” гэх тушаал гаргасан байна. 

УДШ-д гаргасан хүсэлт болон тушаал

2020-12-25 20:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Ц.Тувааны хэрэглэж буй АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгожээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т хандаж “Миний бие 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд Шүүх /УДШ/-ийн 01 тогтоолоор Ардчилсан нам /АН/-ын хууль ёсны даргаар томилогдсон. Улсын Дээд Шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар томилсныг 8488916 тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлд хуульд нийцүүлсэн бүртгэж тэмдэглэсэн. Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй … байгаа тул өргөдөл гаргаж байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.1, 12.2.3, 19.4.7 дах хэсгийг баримтлан С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийн хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул Ц.Тувааны ашиглаж буй АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. 

Иймд УБЕГ-аас Ц.Туваанд АН-ын дарга С.Эрдэнийн ирүүлсэн хүсэлттэй танилцаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь заалтад заасны дагуу тайлбар, саналаа 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгджээ.

Тус мэдэгдлийн дагуу Ц.Туваан тайлбар, АН-ын ҮБХ-ны энэ оны долдугаар сарын 24-ны өдрийн “АН-ын даргын эрх, үүргийг намын дараагийн дарга сонгогдох хүртэл Ц.Туваан түр шилжүүлсэн тухай” тогтоолыг тус тус ирүүлжээ. Түүнчлэн УДШ-ийн Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт “Улс төрийн намын бүртгэлийн програмд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн байгаа гэжээ.

Гэтэл АН-ын дүрмийн 5.12.4.8 –д АН-ын даргыг ёсчлон батламжлах гэж заасан бөгөөд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаалд хэн нэгнийг баталдаг зүйл заалт байхгүй. УДШ-ийн Тамгын газраас АН-ын Үндсэн дүрэмд заагаагүй албан тушаал буюу АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал дээр хэн нэгэн этгээдийг УДШ тогтоол, шийдвэргүйгээр томилох буюу бүртгэх эрхгүй юм…” гэжээ. 

Иймд "С.Эрдэнийн хүсэлт, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн тус намын тамга, тэмдгийг хяналтын дугаарыг хүчингүй болгох нь зүйтэй" хэмээгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь  тамга, тэмдгийн хяналтын дугаарын санд АН-ын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгож УБЕГ-ын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулга шийдвэрлэжээ. 

Улсын байцаагчийн дүгнэлт

Ингэснээр Ц.Тувааны хэрэглэж буй 1117237845 дугаартай АН-ын тамга хүчингүй болсон байна. Улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр өнөөдөр /2020.12.25/ бүртгэгдэж, АН-ын дараагийн дарга, тус намын үндсэн дүрмийн дагуу томилогдох хүртэл, С.Эрдэнэ хууль ёсны тамга шилжсэн бололтой. 

АН-ын шинэ тамганы дардас