ТАНИЛЦ: Япон улс 2023 онд модоор хийсэн хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

ТАНИЛЦ: Япон улс 2023 онд модоор хийсэн хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд 2023 онд модоор хийсэн дэлхийн анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөх ажлыг эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Агаар мандалд олон тооны хиймэл дагуул хөөргөх тусам сансрын хог хаягдал нэмэгдсээр байдаг аж. Харин хиймэл дагуулыг модоор хийснээр дэлхийн агаар мандалд хорт бодис ялгаруулахгүй, хог хаягдал үүсгэж, химийн бодистой бороо оруулахгүйгээр шатдаг байна. 

Модон хиймэл дагуулын эхний загвар

Киотогийн их сургуулийн профессор, Японы сансрын нисэгч Такао Дой “Дэлхийн агаар мандалд буцаж орж ирсэн бүх хиймэл дагуул шатаж, олон жилийн турш агаар мандлын дээд давхаргад хөвдөг хөнгөн цагааны исэл тоосонцор үүсгэдэг нь бидний санаа зовоодог асуудал юм. Харин модоор хийсэн хиймэл дагуул энэ асуудлыг шийднэ гэж бид харж байна” гэжээ. 

Эрдэмтэд энэ ажлын хүрээнд янз бүрийн орчинд модны тэсвэрлэх шинж чанарыг судалж эхэлсэн бол Японы “Сумитомо” ойн аж ахуйн компани температурын өөрчлөлт, нарны гэрэлд маш тэсвэртэй модон материалыг боловсруулах чиглэлээр ажиллана байгаа аж. 

Хиймэл дагуулыг хүн төрөлхтөн харилцаа холбоо, телевизийн кабел, цаг агаарын урьдчилсан мэдээнд ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Олон тооны сансрын хөлөг, хиймэл дагуул хөөргөх тусам тэр хэмжээгээр сансрын хог хаягдал үүсэж, дэлхийд унах аюул нэмэгдэж буйг мэргэжилтнүүд анхааруулж ирсэн. Одоогоор дэлхийг тойрсон 6 мянган орчим хиймэл дагуул эргэлдэж байгаа бөгөөд үүний 60 орчим хувь нь ашиглалтаас гарсан (сансрын хог хаягдал) юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө