БИДНИЙ ТУХАЙ: Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан "Цагаан дэл уул" боомтыг түр хугацаагаар нээсэн гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан "Цагаан дэл уул" боомтыг түр хугацаагаар нээсэн гэжээ

БНХАУ-ын түүхий эдийн зах зээлийн мэдээллийн сайт “Sxcoal” болон “Alax Daily”-д Монгол Улс-БНХАУ-ын хил, Гашуусухайтын боомтоос 380 орчим км-ын зайд Өмнөговь аймгийн нутагт Цагаан дэл уул-Алша аймгийн зааг дээр хилийн түр боомт нээсэн гэж мэдээлжээ.

"Монгол Хятадын хилийн Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд боомтын шав тавих ёслол 2014 онд барилгын нээлтийн үйл ажиллагаа 2016 онд болж байсан юм. Улмаар өнгөрсөн оны зургаадугаар сард Цагаан дэл уул боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд талууд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон".

Боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээгдэх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой болохыг холбогдох хүмүүс онцлон хэлж байсан билээ. Гэвч бодит байдал дээр нутгийн иргэд, малчид аймагтаа гуравдагч боомт байгуулахыг эсэргүүцэж байсан юм. Тодруулбал, нутгийн иргэд гуравдагч боомтыг барьснаар нь тухайн газар нутаг дээр ургадаг нэн ховор ургамлууд, ан амьтад төдийгүй байгалийн онгон дагшин байдал алдагдана гэж үзсэн юм. 

Хятадын мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр “Тус боомтын холбогдох байгууламжуудыг нийт 1,21 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгасан байна. Түр хугацаагаар нээснээр БНХАУ-аас баталгаатай материал, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах замаар Монгол Улсын Цагаандэл-Уул хилийн боомтын дэд бүтцийг хурдасгах, цаашлаад хоёр боомтыг албан ёсоор нээхэд түлхэц болох юм.

Хилийн боомт нь голчлон нүүрс импортлох, аялал жуулчлал, агуулах, ложистик, туслах үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд жилд хоёр улсын хилээр нэвтрүүлэх хүчин чадал нь 5 сая тонн. Төмөр замын тээвэр нээгдсэний дараа 20 сая тоннд хүргэх боломжтой” гэж бичжээ.

Эх сурвалж: Sxcoal, Alax Daily