Испани улс вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийн мэдээллийг Европын холбооны орнуудад хуваалцана

Испани улс вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийн мэдээллийг Европын холбооны орнуудад хуваалцана

Испани улс коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг бүртгэж, Европын Холбооны орнуудад мэдээллийг нь хуваалцана гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла мэдээлжээ. Хэдийгээр бүртгэлийн мэдээллийг олон нийт болон ажил олгогч нараас нууцлах ч Европын орнууд руу зорчих, аялахад бэрхшээлтэй болох юм.

Иймээс Испанийн Засгийн газраас бүх иргэдийг сайн дураар вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Европын Холбооны эмийн байгууллага өнгөрсөн долоо хоногт “Pfizer-BioNTech” компанийн вакциныг гишүүн орнууд авахыг хүлээн зөвшөөрснөөр тус улс вакцинжуулалтаа эхлэхээр бэлдээд байна. 

Өнгөрсөн сард явуулсан судалгаагаар нийт иргэдийн 47 хувь нь вакцинд хамрагдахаас татгалзсан бол энэ сард 28 хувь болж буурчээ. Цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан Европын улсуудын нэг нь Испани.Тус улсад өнөөдрийн байдлаар COVID-19-ийн 2 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: DW