Ухань хотоос сурвалжилга бэлтгэсэн иргэнд хорих ял оноосныг АНУ, Европын Холбоо эсэргүүцэв

Ухань хотоос сурвалжилга бэлтгэсэн иргэнд хорих ял оноосныг АНУ, Европын Холбоо эсэргүүцэв

Коронавирусийн ид дэгдэлтийн үеэр БНХАУ-ын Ухань хотод очиж сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Жанд дөрвөн жилийн хорих ял оноосон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн билээ. Чөлөөт сэтгүүлч Жан өнгөрсөн тавдугаар сард сураггүй алга болсон бөгөөд сарын дараа түүнийг Шанхай хотод баривчилсан мэдээг гэрийнхэнд нь дуулгасан байдаг.

Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан мэдэгдэлдээ “иргэний сэтгүүлч Зань Жанийг даруй суллахыг уриалж, Уханьд дэгдсэн цар тахлын талаарх бодит мэдээллийг хааж, хориглож байгаа Хятадын Коммунист Намыг шүүмжилсэн байна. Мөн гадаадын ажиглагчдыг байлцуулалгүй яаран шүүх хурал зохион байгуулсан нь Хятадын Коммунист Нам иргэдийн шударга дуу хоолойноос ямар их айж байгааг харуулж байна” гэж Помпео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Европын Холбоо өчигдөр мөн Зань Жанийг даруй суллахыг Хятадын засгийн газарт уриалжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Жан Хятадын Засгийн газар халдварын тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар сурвалжилга бэлтгэсэн юм. Түүний сурвалжилга олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулагдсан бөгөөд Ухань хотын бодит нөхцөл байдлыг харуулж байв.

Эх сурвалж: BBC