ВИДЕО: Говь-Алтай аймаг бүхэлдээ цахилгаангүй болж хөлдөхөд хүрэв

ВИДЕО: Говь-Алтай аймаг бүхэлдээ цахилгаангүй болж хөлдөхөд хүрэв

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХӨЛДӨХӨД ХҮРЭЭД БАЙНА-

Өчигдөр өглөөнөөс эхлэн Говь-Алтай аймаг бүхэлдээ тог цахилгаангүй болсон байна. Иргэдийн хэлж буйгаар зарим сумдад одоо ч тог, цахилгаан өгөөгүй байгаа аж. Энэ талаар Алтай-Улиастай ЭХС ТӨХК-ийн захирал Т.Ганзориг тайлбар өгөхдөө “Хүйтний эрч эрс нэмэгдэж хөрсөн дээрээ 45 хэмийн хүйтэн байна. Бид Мөрөнгөөс цахилгаанаа авдаг. Манай шугам Завхан гол, Идэр тэсийг дагаж явдаг. Хүйтнээс болж Завхан голын ай савын орчим дахь шугамын утас чангарч тасарсан. Манай хоёр бригад тасарсан утсыг залгаж, янзалж дуусч байна. Хүйтэнтэй холбоотой шугамын тасралтууд бага хэмжээгээр гарч байна.

Бидний нөөцөд байдаг долдугаар дизель станцыг асааж аймгийн төвийн нэгдүгээр зэрэглэлийн байгууллагууд буюу эмнэлэг зэргийн халаалт, халуун усыг таслаагүй. Айл, өрхүүд бол хязгаарлалтад орсон. Аймгийн төвийн хэрэглэгчдийн ачааллыг тэнцүүлж цахилгааныг өгч эхэлж байна. Тун удахгүй аймаг, сумын бүх айлд цахилгааныг өгнө. Хүйтнээс үүдэлтэй хүндрэл гарч буйг ойлгоорой. Удахгүй жигдэрнэ. Манай нөөцний дизель зэрэгцээд ажиллаад явж байна. Гол хэрэглэгчдээс гадна төвлөрсөн халаалттай Эрдэнэ, Дарви, Жаргалант сумдыг дизель станцаар эрчим хүчээр хангасан. Эхлээд аймгийн төвийн айлуудыг тогтой болгосны дараа сумдад үргэлжлүүлэн шат дараатай өгнө”  гэсэн юм.

Харин зарим сумдын иргэдийн хувьд “Бүхэл өдөржин тоггүй байлаа. Сургууль, цэцэрлэг одоогоор үйл ажиллагаа явуулаагүй ч шугам хоолойгоо хөлдөөж болохгүй. Нүүрс түлж халуун усаа нацосоор шахдаг. Тог тасарч нацос ажиллахгүй байгаа учраас сургууль, цэцэрлэгүүд хөдлөхөд хүргэж байна. Бидэнд өгсөн мэдээллээр дахин хоёр өдөр тоггүй байна гэж хэлсэн” гэлээ.

Мөн Есөн-Булаг сумын байрны айлууд тоггүй, хүйтэн нэг өдөр зутарсан талаар дурдсан юм. Тэгэхээр өнөөдөртөө багтан аймгийн айлуудыг тогтой болголоо гэхэд сумд маргаашнаас бүтэн тогтой болох нь. Энэ үед хичнээн сургууль, цэцэрлэг хөлдөж хэр, хэмжээний хохирол гарсныг хэлэхэд бэрх байна.

Ганц цахилгааны утас тасраад зогсохгүй зарим хаалалтын зууханд гэмтэл гарч хөдөлгүүр шатаж, тогоо гэмтсэн талаар инженерүүд нь ярьсан юм.

БИЧЛЭГ:

ДҮГНЭЛТ: Говь-Алтай аймагт эрчим хүчний энэ мэт доголдол жил бүр гардаг бөгөөд айл, өрхүүдийг 2-3 хоног тоггүй байлгасан тохиолдол их бий. Үүссэн нөхцөл байдлаас сургамж авч бүрэн засвар хийх, арчилгаа тордолгоо явуулахгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа аж. Тухайлбал, орлогыг тогтмол төвлөрүүлдэг байж шинэ тогоо авч тавьдаггүй, жил бүр гэмтэж хөдөлгүүр нь шатдаг цаашлаад шинээр авчирсан нь таарахгүй зэрэг асуудал гаргадаг. Үүнээс үүдэн идэр есийн хүйтэнд иргэдийг хөлдөөх эрсдэлд оруулж, тоггүй байлгадаг гэв. Тэгэхээр Алтай-Улиастай ЭХС ТӨХК үйл ажиллагааны шинэчлэл, бүрэн засварыг хийх, ахуйн ажлаа орхигдуулахгүй байх тал дээр анхаарыг хэрэглэгчдийн зүгээс анхааруулав.