Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч үймээн дэгдээснээр нэг хүн амиа алджээ

Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч үймээн дэгдээснээр нэг хүн амиа алджээ

АНУ-ын Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээжээ. 

Хуралдааны өмнө Д.Трамп дэмжигчдэдээ хандан хэзээ ч бууж өгөхгүй”-гээ илэрхийлж мэдэгдэл хийсэн бөгөөд үүний дараа дэмжигчид нь чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсон байна.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг эмэгтэй шархдан удалгүй нас баржээ. 

Цагдаагийн хүчнийхэн галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглаж, эсэргүүцлийг намжаан конгрессийн гишүүдийг ордноос нүүлгэн шилжүүлсэн байна. Сүүлд хүч нэмэгдүүлж, Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд ирснээр жагсагчдыг хөөн гаргаж, дэг журам тогтоожээ. 

Үймээн самууны улмаас нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон байна. Капитолын ордон чөлөөлөгдсөний дараа АНУ-ын конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг батлах асуудлыг эцэслэн шийдэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн хуулийг хамгаалахыг ерөнхийлөгч Дональд Трампд уриалсан байна. Тэрээр “Капитолын ордонд болсон явдал нь тэмцэл биш, үймээн самуун юм. Ардчилалд аюул тулгарлаа” гэжээ. 

Байдены мэдэгдлийн дараа Дональд Трамп дэмжигчдэдээ хандан видео мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ “Та бүгдийн уур хилэнг би ойлгож байна. Яагаад ингэснийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа нөгөө талынхан. Гэхдээ одоо та нар гэртээ харих хэрэгтэй. Бидэнд энх тайван, хууль дүрэм хэрэгтэй. Энэ сонгууль луйвартай болсон ч бид эсрэг талын арганд орж болохгүй” гэжээ. 

Энэ мэт сонгуультай холбоотой хэд хэдэн мэдэгдэл хийсний дараа твиттер компани Дональд Трампын цахим хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ аваад байна. АНУ-ын хамгийн хүчирхэг бүлэглэл болох NAM /The National Association of Manufacturers/ ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулахыг уриалжээ.

Эх сурвалж: BBC