Хүнсний дэлгүүр ажиллуулдаг ахмад настай иргэнийг дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Хүнсний дэлгүүр ажиллуулдаг ахмад настай иргэнийг дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20:00 цаг орчимд "Хүнсний дэлгүүрт хүн орж ирээд намайг дээрэмдээд гараад явлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж шалгахад зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг 60 настай, эрэгтэй Н гэгчийг дэлгүүртээ ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд тэнэмэл байдлаар амьдардаг эрэгтэй, 21 настай, О гэгч үйлдсэн болохыг тогтоож илрүүлэн хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.