Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ-ын онгоцыг албан тушаалтнууд захиалсан байж болзошгүй байна

Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ-ын онгоцыг албан тушаалтнууд захиалсан байж болзошгүй байна

Хөл хорионы дэглэмийн энэ үед манай улс тусгай үүргийн нислэгийн хуваариа тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Мөн ойрын өдрүүдэд “гадаадад гацсан монголчуудаа авч ирж чадахгүй” гэж УОК-оос мэдэгдсэн билээ.  Гэтэл өчигдөр /2021.01.06/ Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани карго буюу ачаа тээврийн зориулалттай байж болзошгүй нислэг үйлдэж, тус нислэгээр цөөн тооны гадаад, дотоодын хүмүүс Монголд ирсэн талаар бид өнөөдөр мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин тус мэдээлэлтэй холбогдуулж Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд манай редакцтай холбогдож “УОК-т энэ талаар шаардлага хүргүүлэх гэж байгаа” талаараа дуулгасан юм.

Тэгвэл өчигдөр /2020.01.06/ ниссэн МИАТ компанийн онгоц карго тээврийн зориулалттай биш, харин манай зарим төрийн томоохон албан тушаалтнууд тус онгоцыг захиалсан байж болзошгүй байна. 

Тодруулбал, УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж ИНЕГ-ын дарга Д.Бямбасүрэнд хандаж “МИАТ компани 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ... аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд зорчигчтой захиалгат нислэг үйлдэх зөвшөөрөл хүсэж, тус нислэгийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай арга хэмжээ авч дэмжлэг үзүүлэхийг хүссэн” албан тоотыг илгээсэн байна. 

УОК-ийн Нарийн бичгийн даргаас ИНЕГ-т илгээсэн албан тоот

Ингээд тус нислэг Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэгдэж цөөн тооны хүмүүс манай улсад ирж, жирийн олон монгол иргэд БНСУ-д хөсөр хаягдаж үлдсэн нь энэ байжээ. Учир нь тус нислэгээр дипломат паспорттой хүмүүс болоод УИХ-ын гишүүн Раднаасэд, эхнэр Б.Хонгорзулын хамт ирсэн нь тодорхой болоод байна. Мөн цаашлаад хөл хорионы дэглэмтэй энэ үед УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гамшгийн хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн юм биш биз гэх асуулт ч гарч байна. Харин тус мэдээлэл олны анхааралд орж, иргэдийн шүүмжлэлд өртөж эхэлснээр өнөөдөр ГХЯ-ны Консулын газраас мэдээлэл хийж "Сөүл-Улаанбаатар чиглэлд энэ сарын 15 ны өдөр нислэг үйлдэхээр боллоо" гэж мэдэгдээд байна. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө