КАПИТОЛ: Дэлхийн удирдагчид Трампыг буруушааж цагдан хорих нь зөв гэсэн бол зарим нь нутагтаа нэвтрүүлэхгүй гэв

КАПИТОЛ: Дэлхийн удирдагчид Трампыг буруушааж цагдан хорих нь зөв гэсэн бол зарим нь нутагтаа нэвтрүүлэхгүй гэв

АНУ-ын Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээж, дөрвөн хүний амь нас эрсдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тус үймээний үеэр цагдаагийн албан хаагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч дөрвөн хүн буудуулан амиа алдсан юм.

Хуралдааны өмнө Д.Трамп дэмжигчдэдээ хандан хэзээ ч бууж өгөхгүй” гэдгээ илэрхийлж мэдэгдэл хийсэн бөгөөд үүний дараа дэмжигчид нь чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсон байна. Үймээн самууны улмаас нийслэл Вашингтон хотод оройн 06:00 цагаас эхлэн пүрэв гарагийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон бөгөөд өчигдөр оройноос эхлэн хөл хорио суларч байдал харьцангуй намжсан талаар олон улсын хэвлэлүүд мэдэгджээ.

Харин үймээний дараа дэлхийн удирдагчид энэхүү явдлын гол буруутан болох Дональд Трампыг эрс буруушааж, түүнийг өдөөсөн энэхүү үйлдлийг “гутамшигтай явдал” болсон гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэ талаар Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател “Дональд Трампын хэлсэн үг түүний дэмжигчдийг Конгресс руу дайрч, цагдаа нартай мөргөлдөхөд” шууд хүргэсэн. Өөрөөр хэлбэл тэр аймшигтай хүчирхийллийг өдөөлөө. Үүний дараа ч тэр байдлыг намжаахын тулд юу ч хийгээгүй нь үнэхээр аймшигтай гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "шившигтэй үзэгдэл" -ийг мөн буруушааж Трампыг "тайван байж, эрх мэдлээ эмх цэгцтэй шилжүүлэхийг" уриалсан юм.

Шотландын Хууль зүйн нарийн бичгийн дарга Хумза Юсаф хэлэхдээ, Трампыг албан тушаалаасаа огцорсны дараа Их Британид нэвтрэхийг хориглох талаар "нухацтай бодож үзэх ёстой" гэжээ. Харин түүний намын хамтрагч, Консерватив намын гишүүн Саймон Хоаре ноён Трампыг Гуантанамо дахь АНУ-ын цагдан хорих төвд илгээх боломжтой гэж үзсэн байна. Үүнээс гадны олон улс орны удирдагчид “ардчилалыг аюулд орууллаа, дэлхий нийтэд муу үлгэр дууриалал үзүүллээ, энэ бол жинхэнэ хүчирхийлэл” гэх мэтээр байр сууриал илэрхийлж твиттерт жиргэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден үймээний дараа “өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн хуулийг хамгаалахыг” ерөнхийлөгч Дональд Трампд уриалсан байна.

Харин Байдены мэдэгдлийн дараа Дональд Трамп дэмжигчдэдээ хандан гаргасан видео мэдэгдэлдээ “Та бүгдийн уур хилэнг би ойлгож байна. Яагаад ингэснийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа нөгөө талынхан. Гэхдээ одоо та нар гэртээ харих хэрэгтэй. Бидэнд энх тайван, хууль дүрэм хэрэгтэй. Энэ сонгууль луйвартай болсон ч бид эсрэг талын арганд орж болохгүй” гэжээ. Энэ мэт сонгуультай холбоотой хэд хэдэн мэдэгдэл хийсний дараа твиттер компани Дональд Трампын цахим хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авсан юм. АНУ-ын хамгийн хүчирхэг бүлэглэл болох NAM /The National Association of Manufacturers/ ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулахыг уриалжээ.

Эх сурвалж: BBC




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө