БГД-ийн 6 дугаар хороонд орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрчээ

2021-01-08 11:41

Ц.Ганзориг: БГД-ийн 5, 6-р хороонд тогтоосон хязгаарлалт хуулинд байхгүй тэг зогсолт биш

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-ны өдөр буюу ирэх даваа гараг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна. Үүний зарим эх сурвалжууд “хэсэгчилэн тэг зогсолт” гэж нэрлэж буй.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын ОНМХ-ийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг хийлээ. Тэрээр “БГД-ийн 5, 6-р хороонд 8000 өрхийн 23 мянган иргэнд ПСР шинжилгээ хийх тандалтын ажлуудыг өргөжүүлж байна. Учир нь энэ хороодод шинэ голомт байх магадлалтай эрсдэлийн дагуу тандалт хийж байна. Мэдээж хуулинд ч байхгүй тэг зогсолт биш. Хүнсний дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, ажиллаж буй тул иргэд шаардлагатай үедээ үйлчилгээ авч болно” гэжээ.

2021-01-08 11:27

БГД-ийн 6 дугаар хороонд орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрчээ

"БГД-ийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.

Тэрээр “Халдвар гарсан орцны нэг тохиолдол нь Мөнгөнгүүр эмнэлгийн лаборант байсан. Иймд тус эмнэлэг дээр халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулж, сэрэмжлүүлэх тандалт судалгаа эхэлсэн. Тухайн эмнэлгийн нийт эмч, ажилчид болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулж, 32 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Тухайн эмнэлгийн нэг эмч халдварт өртсөн байна.

Мөн тус орцны нэг батлагдсан тохиолдол ИНЕГ-т ажилладаг учраас ИНЕГ-т тандалт судалгаа шинжилгээг хийсэн. 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

БГД-ийн 6 дугаар хорооны 65, 43-А, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа" гэлээ.

2021-01-08 08:18

LIVE: 10 дугаар хороололд хөдөлгөөн хязгаарлаж, тухайн хэсэгт ТЭГ зогсолт зарлалаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Улсын гуравдугаар төв эмнэлгээс 25 дугаар эмийн сан хүртэлх байршил буюу 10 дугаар хороолол орчимд иргэдийн хөдөлгөөнийг гурав хоног /2020.01.08-01.11/-ийн хугацаатай хязгаарласан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Мөн тус хязгаарлалт тогтоосон хэсгээс ямар ч хүнийг гаргахгүй бөгөөд мөн хөл хорионы энэ үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 байгууллагын хүмүүст ч уг хязгаарлалтад үйлчлэх ажээ.

Зарим эх сурвалжууд энэхүү хөдөлгөөн хязгаарлалтыг “хэсэгчлэн тогтоож буй тэг зогсолт” хэмээн нэрлэж байна.

Сонирхуулахад,  өчигдрийн байдлаар коронавирус халдвар хүн амын дунд хэдэн тохиолдол нэмэгдсэн байж болзошгүй байна. Тухайлбал,  Бимекс холдинг ХХК-ийн борлуулалтын ажилтан болон түүний эхнэр буюу И март худалдааны төвд байрладаг хувийн эмнэлэгт ажилладаг бүсгүй, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу зургаан буудал орчимд байх Голомт банканд гаднаас ирж ажилласан нэг хүнээс халдвар илэрсэн бол ИНЕГ-ын нисэх буудлын ажилтнаас халдвар илэрсэн байж болзошгүй байгаа ажээ. Улмаар Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооноос орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг хийлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: