Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 12 жолоочийн автомашиныг хураахаар шүүхэд санал гаргажээ

Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 12 жолоочийн автомашиныг хураахаар шүүхэд санал гаргажээ

Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт зарим хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг тухайн аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төвтэй нь хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд  Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэнд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байгаа бөгөөд уг зөрчлийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах санал шүүхэд гаргахаар болжээ.  Мөн өчигдөр  Өмнөговь аймар руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэв.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.