Коронавирусийн хуурамч вакцин тарьж 92 настай эмэгтэйг залилсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

Коронавирусийн хуурамч вакцин тарьж 92 настай эмэгтэйг залилсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

Лондон хотын баруун өмнөд хэсэгт орших Сурбитон хотод энэ сарын 4-ний өдөр үл таних этгээд 92 настай эмэгтэйд коронавирусийн хуурамч вакциныг 160 фунт стерлинг /216 ам.доллар/-ээр тарьжээ. Тус этгээд өөрийгөө эрүүл мэндийн ажилтан гэж танилцуулсан бөгөөд хохирогчийн гэрт “Танай дүүрэгт төлбөртэй вакцинжуулалт хийж байна” гэсэн шалтгаанаар орж, ямар нэгэн зүйл тарьсан байна.

Дараа нь хохирогчийн хүүхдүүд нь энэ талаар мэдэж цагдаад дуудлага өгсөн аж. Улмаар цагдаа нар мэдүүлэг авч эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт орохыг зөвлөсний дагуу эмчид үзүүлэхэд биед нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх зүйл тариагүй болох нь тогтоогджээ. 

Цагдаагийн албан хаагчид тус этгээдийг "хүний ​​амь насанд аюул учруулж болзошгүй байгаа тул аль болох богино хугацаанд баривчлах нь маш чухал" гэж мэдэгдсэн байна.

Мөн сэжигтний камерын бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацжээ. Их Британи улс бүх нийтийн вакцинжуулалтаа өнгөрсөн сарын сүүлээр эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хуурамч мэдээлэл, төлбөртэй вакцин хийнэ гэсэн залилангийн шинжтэй мессежүүд их тархах болсон тул иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. 

Эх сурвалж: BBC