Д.Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудал яригдаж, үймээнд оролцогчдыг ажлаас нь халж эхэлжээ

Д.Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудал яригдаж, үймээнд оролцогчдыг ажлаас нь халж эхэлжээ

Өнгөрсөн лхагва гарагт/2021.01.06/ АНУ-ын Сенат болон Конгрессын гишүүдийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах хуралдааны үеэр олон тооны иргэд Капитолын ордон руу дайрч, үймээн дэгдээсэн нь 2021 оны онцлох үйл явдал нь болон бичигдэх нь дамжиггүй. Үймээний үеэр нэг офицер амиа алдсан бол өчигдрийн байдлаар гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тав дахь хүн нас бараад байна. 

Конгрессын хуралдаан эхлэхээс өмнө Д.Трамп “хэзээ ч бууж өгөхгүй” гэдгээ илэрхийлж, дэмжигчдэдээ хандан “одоо хүлцэнгүй байх цаг биш” хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн цуглааныг эмх замбараагүй байдал, мөргөлдөөн болгоход нөлөөлсөн гэж түүний намынхан буруутгаж эхэлжээ.

-КАПИТОЛЫН ОРДОН РУУ ДАЙРЧ, ҮЙМЭЭН ДЭГДЭЭСЭН ЗАРИМ ИРГЭНИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Энэ явдалд олон Америкчууд Д.Трампыг буруутгахын сацуу үймээн дэгдээсэн этгээдүүдийн ёс суртахууны асуудлыг хөндөж эхэлжээ. Улмаар Капитолд хууль бусаар нэвтрэн орж, үймээн дэгдээхэд оролцсон зарим иргэнийг ажлаас нь халсан тохиолдол олон гарсан байна. Зарим ажил олгогч “хууль бус үйл ажиллагаа үйлдэж, балмад зан авир гаргаж байгаа хүнийг бид цаашид ажиллуулах боломжгүй” гэж мэдэгджээ. 

Ордон руу дайрч орсон хүмүүсийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа ихээхэн шүүмлжлэлд өртжээ

Болсон үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Хууль Зүйн яам шалгалт явуулж эхэлсэн. Шалгалтын явцад зөвхөн жагсаал, цуглаанд биечлэн оролцсон хүмүүсээс гадна түүнийг зохион байгуулах, санхүүжүүлэхэд оролцсон бүхий л хүмүүсийг шалгах юм. Үүний дотор жагсаал цуглаанд уриалсан Ерөнхийлөгч Д.Трамп ч багтаж байгаа аж. Хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх байсан Д.Трамп дээрх асуудлаар шалгагдах магадлал өндөр болоод байна.

Холбооны мөрдөн товчооноос Ордон руу дайрч орсон 52 хүнийг баривчилсан талаар мэдээлсэн юм. Баривчлагдсан этгээдүүд ордонд зэвсэгтэй дайран орж, хамгаалалтын ажилтнуудын амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн тул торгох, хоригдох, зарим нь ял эдлэх болжээ. 

-БҮГД НАЙРАМДАХЧУУД Д.ТРАМПЫГ БУРУУТГАЖ ЭХЛЭВ-

Сонгуулийн үр дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөөгүйгээс болж албан үүргээ гүйцэтгэж явсан таван хүн амь үрэгдэж, олон хүн ял шийтгэл авах болсон нь Д.Трампын нэр дэвшсэн Бүгд Найрамдах намыг хагаралд оруулжээ. Тус намын гол удирдлагууд Д.Трампыг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж, АНУ-ын Үндсэн хуулийн 25 дахь өөрчлөлтийн дагуу түүнийг 1 нэгдүгээр сарын 20-оос өмнө огцруулах асуудал яригдаж эхэлсэн байна. Энэ асуудлыг анх Калифорнийн спикер Нэнси Пелоси гаргаж ирсэн гэж хэлж болно.

Учир нь тэрээр баасан гарагт Ерөнхийлөгч Трампыг "огцрохгүй" бол хүчирхийлэл, олон нийтийн мөргөлдөөнийг өдөөсөн хэрэгт нь ирэх долоо хоногт хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэх болно гэж мэдэгдэж, Бүгд найрамдахчуудыг түүнд шахалт үзүүлэхийг уриалсан юм.

Үймээний үеэр Ордонд олон улс төрчид байжээ

Үүний дараа тус намын хэд хэдэн гишүүн Трампыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ. Трампыг тойрсон асуудал үүгээр дууссангүй. Өчигдөр/2021.01.08/ түүний тамгын газрын удирдлагууд, туслахууд гадаад дахь тусгай элч нар ажлаасаа гарах өргөдлөө сайн дураар өгч эхэлсэн юм. Тэд “ёс суртахуунгүй удирдагчийн дор ажиллахаасаа “ичиж” байгаа тул сайн дураараа өргөдлөө өгч байна” гэж тайлбарласан юм. Одоогоор Д.Трампын удирдлагад ажиллаж байсан найман хүн халагдах өргөдлөө өгөөд байна.

Үүний дотор Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сара Мэтьюс, Эдийн засгийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Тайлер Гүүдспид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч дарга Мэтью Поттингер зэрэг нэр хүндтэй хүмүүс хүртэл багтжээ. Харин Капитолын Ордны томоохон албан тушаалтан болох Габриэль Норонха Д.Трампыг эрс буруутгаж твиттерт жиргэснийхээ дараа ажлаасаа халагдсан юм.

Капитолын Ордон дахь үймээнтэй холбоотой онцлох зургууд

Эх сурвалж: TheWashingtonpost, NewYorkTimes