С зөвшөөрөлтэй жолооч нарын нэрсийн жагсаалт зөрсний улмаас ЭКСПОРТ тасалдахад хүрчээ

С зөвшөөрөлтэй жолооч нарын нэрсийн жагсаалт зөрсний улмаас ЭКСПОРТ тасалдахад хүрчээ

-УЛСЫН ЭКСПОРТ ТАСАЛДАХ АЮУЛД ХҮРЭЭД БАЙНА-

Нүүрс тээврийн жолооч нар ажлаа хийж чадахгүй хүндхэн нөхцөл, байдалд орсон мөн С зөвшөөрөлтэй жолооч нарын нэрс зөрж үүнээс үүдэн ойлгомжгүй нөхцөл байдалд орсон тухайгаа ярьж байна. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвөөс олгодог С зөвшөөрлийн 2021 оны улирлын шинэ хуваарилалт хийгдэж нийт 120 аж, ахуй нэгжийн 6788 машинд зөвшөөрөл олгох зохицуулалтыг хийжээ. Ингэхдээ эхний 45 хоногт 3394, дараагийн 45 хоногт 3394 тээврийн хэрэгсэл явах хуваарь гаргаж жолооч нарын нэрсийн хамтаар явуулсан байна.

Гэтэл С жолооч нарын нэрс зөрж бухимдал, шүүмжлэл болжээ.  Хамгийн ноцтой нь асуудал шийдэгдтэл жолооч нар ажилдаа гарч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа юм.  Энэ тухай жолооч нар хэлэхдээ “Улсын экспорт тасалдахад хүрч тээвэрчид хөлд нь үрэгдэж байна. Баянзам дээр байгаа тээвэрчдийн нэрс биржийн бичгийн нэртэй зөрж ойлгомжгүй байдалд орсон. Гарч буй  зөвшөөрлийн бичгийг жолоочийн нэртэй нийтэлдэг апплейкшнтэй болмоор байна” гэсэн юм.

Тэдний хэлж буйгаар нэрс зөрснөөс болж ажилдаа гарч чадахгүй нийт 3000 жолооч машиндаа хоноглон хүлээж байгаа аж.

Харин АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ төвөөс "Энэхүү зөрчлийг яаралтай засахаар ажиллаж байна. Ер нь хэнийг явуулахаа компани өөрсдөө мэдэж жагсаалт гаргаж өгдөг” гэжээ.

-ТЭЭВРИЙН КОМПАНИ, АТҮТ, ӨМНӨГОВИЙН УДИРДЛАГУУДЫН ЗӨРҮҮТЭЙ ШИЙДВЭРИЙН ДУНД ЖОЛООЧ НАР ХОХИРЧ БАЙНА-

Харин "Баян зам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгийн хэлснээр “Зарим тээврийн компаниудын хувьд үндсэн жолооч байдаггүй. Тиймээс компаниуд С зөвшөөрөл авахын тулд гурван сарын турш нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн жолоочтой байна гэсэн шаардлагыг хангахын тулд хэн нэг жолоочийн хувийн мэдээллийг цахим бүртгэлийн санд оруулж, хамгийн бага хэмжээгээр НДШ төлж ирсэн зөрчлийг засч залруулаагүй явж ирсний үр дагавар одоо гарч байна. Үүнээс үүдэн С зөвшөөрлийн нэр зөрж, 2-3 сар тухайн машиныг барьсан жолооч нар ажилгүй болж, С зөвшөөрөл нэр дээр нь гарсан жолооч нар орон нутгаас ирэх боломжгүй болж байна.

Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд өөрөө ч мэдээгүй байхдаа аль нэг компанийн жолоочоор бүртгэгдсэн, өөрийнх нь огт мэдэхгүй компани дээр НДШ нь төлөгдөн нэр дээр нь С зөвшөөрөл гарсан. С зөвшөөрөл нэр дээр нь гарсан машины бүртгэлтэй компанид шилжих гэхээр хуучин компани нь хасалтыг нь хийж өгөхгүй хясан боогдуулж байгаа 20 орчим компанид хамаарах 100 жолоочийн гомдол бүртгэгдсэн” гэсэн байна.

Компаниуд хуудуутай ажил хийсэн ч үүнийг шалгадаггүй, хяналт тавьдаггүй, цахимжуулдаггүй, цэгцэлдэггүй Авто тээврийн үндэсний төв үүнд хариуцлага хүлээх ёстой. Компаниуд тэнд дураараа хэн нэгний нэр өгч, НДШ-ийг хууран мэхлэх замаар төлснөөр зохицуулж байхад Авто тээврийн үндэсний төв өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан гэж байхгүй. Цаашлаад цагийг нь тулгаж замбараагүй нөхцөл байдал үүсгэж буй нь яалт ч үгүй шүүмжлэх асуудал юм.

Ерөөс С зөвшөөрөлтэй холбоотой гомдол, санал өнөөдрийг хүртэл тасралтгүй явж ирсэн бөгөөд уг бичгийг өгөхдөө авлигал, хахууль авч байсан тохиолдол гарч эхнээсээ хариуцлагаа хүлээсэн. Авто тээврийн үндэсний төвд С зөвшөөрөлтэй холбоотой хахууль гаарсан бөгөөд энэ нь авлигын сүлжээ, наймаа болтлоо өргөжсөн нь ч бий гэх яриа байдаг. 

Мөн коронавирусийн халдвартай холбоотойгоор Өмнөговь аймгийн ОНЦГОЙ комиссоос өөр газраас  ирэх жолооч нарыг өөрийн нутат нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс үүдэн гэртээ түр ирсэн байгаа жолооч нар ажилдаа очиж чадахгүй байгаа.

Мөн АТҮТ-ийнхөн С зөвшөөрлийн нэр таарсан буюу тухайн компанийн өөр орлох жолооч машин дээрээ байхгүй л бол БНХАУ-д PCR шинжилгээнд орох автобусны билет өгөхгүй гэж байна. Гэтэл яг нэр дээрээ зөвшөөрөлтэй жолооч нар ирж чадаагүй учраас БНХАУ-ын нэвтэрч чадахгүй байгаа юм.

Төрийн байгууллагуудын энэ мэт зөрүүтэй шийдвэрээс болж экспорт тасалдахад хүрч 3000 жолооч хүйтэн машиндаа хоноглож байна.