ХЭРГИЙН ГАЗАР: Нүүрээ халхалсан этгээдүүд шөнө дунд компаний хашааг даван орж, манаачдыг хүлж, дээрэмджээ

2021-01-12 17:16

“Космо трейд"-ийн ачигч залуу бусадтай хамтран компаниа дээрэмдсэн нь тогтоогджээ

Энэ сарын 10-ны шөнийн 00:00 цагийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Космо” компанид дээрэмчид халдаж, долоон сая төгрөг авч зугтсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, нүүр, зүсээ далдалдсан гурван этгээд Хан-Уул дүүргийн III-р хороонд байрлах “Космо” компанийн манаачийг хүлж, дотогш орж, компанийн ажилтан Б-г хүндээр гэмтээж мөнгө авч зугатсан нь камерийн бичлэгээр тогтоогдсон байдаг. Тэгвэл уг хэргийг тус компанид ачигчаар ажилладаг байсан Дорноговь аймгийн харьяат Б гэгч бусадтай нийлэн зохион байгуулсан нь тогтоогджээ. Тэрээр мөн Дорноговь аймгийн харьяат болох 33 настай Б, Дорнод аймгийн харьяат 22 настай Б, Улаанбаатар хотын харьяат 37 настай Б нар бүлэглэн үйлдсэн байна. Тус этгээдүүд нь өмнө нь мөн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгэл сонсож байжээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. 

2021-01-12 07:45

ХЭРГИЙН ГАЗАР: Нүүрээ халхалсан этгээдүүд шөнө дунд компаний хашааг даван орж, манаачдыг хүлж, дээрэмджээ

Улаанбаатар хотод голомтлон гарч буй коронавирусийн халдварын улмаас сүүлийн нэг сар гаруй хугацаанд хатуу хөл хорионы дэглэмийг тогтоогоод байсан билээ. Харин хөл хорионы энэ үед харгис, хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн хэд хэдэн хэрэг гарсан нь иргэдийн анхаарлыг ихээхэн татаад байна.

-ХҮЛҮҮЛЖ, ЗОДУУЛСАН КОМПАНИЙ МАНААЧИД НЬ 50-55 НАСНЫ ИРГЭД БАЙСАН БОЛ ДЭЭРЭМ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮД НЬ 20-30 ОРЧИМ НАСНЫ, 170-175 СМ ӨНДӨРТЭЙ ЗАЛУУС БАЙЖЭЭ-

Тодруулбал, Энэ сарын 10-11 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн III хороонд байрлах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Косма”  компанид дээрэмчид халдаж, долоон сая төгрөг авч зугатсан хэрэг гарчээ. Ингэхдээ дээрэмчид манаачдыг  уяагаар хүлж, зодсон байжээ. Бид болсон үйл явдлыг газар дээрээс нь тодруулахаар “Косма” компанийн байрыг зорьсон юм. Компанийн төмөр хашаанд оффис маягийн том барилгаас гадна агуулах гэмээр үргэлжилсэн урт барилгууд эгнэн байрлах ажээ.

Гадаа нь “Cosmo” гэсэн бичиг бүхий цэнхэр өмд, цамцаар жигдэрсэн хэдэн хүн цас шүүрдэн зогсоно.

Бид компанийн хашаагаар нэвтрэн манаачийн байранд очиход 50 орчим насны нэгэн эрэгтэй “юун хүмүүс” болохыг лавлалаа. Гарсан хэргийн талаар тодруулахад “би урд шөнө жижүүрт гараагүй болохоор болсон хэргийн талаар тодорхой мэдэхгүй байна. Цагдаа нар өглөө ирж бүх зүйлийг шалгаад явсан. Цагдаа нараас л асуу” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Харин хэрэг тухайн компанийн агуулахын байранд болсон байж болзошгүй бөгөөд хэсэг эмэгтэйчүүд тус газар ариутгал, цэвэрлэгээ хийж байх нь харагдаж байв. Нийслэл хотод тогтоогоод байсан хөл хориог өчигдөр /2020.01.11/-өөс эхлэн цуцалсан учир компанийн ажилчид ажилдаа ирсэн бололтой хашаанд нэлээд олон автомашин ирж зогссон харагдана. Барилгуудыг тойруулаад өндөр хашаа барьсан байх бөгөөд гүйдэг, төмөр, бат бөх хаалгатай аж.

-НЭГ МАНААЧИЙНХ НЬ ХӨЛ ГАРЫГ ОЛСООР ХҮЛЖ ОРХИОД НӨГӨӨ МАНААЧ БОЛОХ Б-Г ХОЁУЛАА НИЙЛЭН ЗОДОЖ, ХҮНД ГЭМТЭЭЖЭЭ-

Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэхүү хэрэг шөнийн 00:00 цагийн үед болжээ. Тус компанийн манаачид ихэвчлэн хоёр хоёроороо жижүүрлэж хонодог бөгөөд тэр шөнө ч мөн адил хоёр манаач ажиллаж байжээ. Харин шөнийн 00:00 цагийн үед нүүр зүсээ далдалсан үл таних гурван этгээд компанийн хашааг даван орж ирж, манаачдыг гэнэдүүлэн дайрчээ. Улмаар нэгийг нь бүдүүн олсоор хөдөлгөлгүй хүлж орхиод өөр нэгэн манаач болох Б-г хоёулаа нийлэн зодож гэмтээсэн байна.

Ингээд компанийн долоон сая төгрөгийг дээрэмдэн зугтаажээ.  Тус харуулууд нь 55-60 орчим насны иргэд байсан бол дээрэм үйлдсэн этгээдүүд 20-30 орчим насны 170-175 см өндөртэй залуус гэнэ.

Одоогоор хэргийг  Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа ба гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн хэргийн газрын шалгалтаар гэмт этгээдүүд компанийн хашааг даван орж, харуулуудыг зодож, хөл гарыг нь хүлж байгаад дээрэм үйлдсэн нь камерын бичлэгээр тогтоогджээ.

-ХӨЛ ХОРИОНЫ ӨДРҮҮДЭД БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ЭД ЗҮЙЛСИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭД ХЭДЭН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРСАН-

Дээр дурдсанчлан хөл хорионы өдрүүдэд дээрмийн шинжтэй гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажилуулдаг 60 настай, эрэгтэй Н гэгчийг дэлгүүртээ ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлдэгдсэн бол мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардын ажилчдыг 20-30 насны  хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, мөн зарим ажилчдыг хүлэн хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн хэрэг гарсан юм.

Харин иргэдийн зүгээс хөл хорионы эдгээр өдрүүдэд ажилгүй, орлогогүй болсон залуус хулгай, дээрэм хийн хоногийн хоолтойгоо залгах боллоо гэсэн шүүмжлэлийг өрнүүлээд байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30 мянга болжээ. Үүнээс 18.1 мянга нь буюу 60.4% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь бую 39.6% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.